Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

"Нэр бүхий сэтгүүлч, хувь хүний нууцад халдсан гэх асуудлаар цагдаагийн албан тушаалтнуудыг яллагдагчаар татах санал ирсэн"

А.Намуун, iKon.mn
2018 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн прокурорын газраас сэтгүүлчийг тагнасан гэх асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

ШУУД:

https://www.facebook.com/iKonNews/videos/828681373984099/

Нийслэлийн прокурорын газрын олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Г.Бясман "Цагдаагийн байгууллагын нэр бүхий албан тушаалтнууд гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчиж нэр бүхий сэтгүүлч, хувь хүний нууцад халдсан гэх асуудлыг ТЕГ-ын мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, холбогдох албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах санал гаргаж, Прокурорын хяналтад ирүүлсэн. Прокуророос энэ асуудал дээр хэргийг хянаж байна" гэв.

Мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Хэдэн албан тушаалтан шалгагдаж байгаа вэ?

-Үүнээс цааш мэдээлэл өгөх боломжгүй. 

-Захиалагч нь хэн юм бэ? Ц.Нямдорж сайд захиалсан гэж сонссон?

-Одоогоор энэ талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. 

-Өчигдөр Батзандан гишүүн мэдүүлэг өгсөн. Энэ асуудалд тайлбар өгнө үү.

- Иргэнээс гарсан гомдол мэдээллийн дагуу АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс УИХ-ын гишүүн Ж.Батзанданг гэрчээр холбогдуулан байцаалт авсан. Энэ асуудлыг мөн гомдлын дагуу холбогдох хуульд заасан ажиллагааг хийж шалгаж байна.

Батзандан гишүүн өөрийнхөө гаргасан гомдлыг шалгахгүй нуун дарагдуулж байгаа талаар ярьсан. Батзандан гишүүнээс өөртэйгөө холбогдуулж, өөрийнх нь гаргасан гомдлыг ТЕГ-ын мөрдөн шалгах хэлтсээс тухайн үед нь шалгаад Прокуророос уг асуудлыг шийдвэрлээд хариу мэдэгдэх хуудсыг гаргасан. Энэ шийдвэрээ тухайн үед Ж.Батзандан гишүүнд мэдэгдэх гэсэн боловч утас нь холбогдоогүй, тухайн үед гадаадад томилолтоор явчихсан байсан.

Тиймээс Засгийн газрын албан бичиг хүлээж авдаг ажилтанд 2017 оны арванхоёрдугаар сарын 5-нд "Ж.Батзандан гишүүний гарт нь" гэж хаяглаж хүргүүлсэн. Тэгэхээр гишүүн уг асуудлаар олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгөөд байна гэж бид харж байна.

-Сэтгүүлчдийг хэзээ, яах гэж тагнаж, чагнасан бэ? Цагдаа нар ямар үндэслэлээр сэтгүүлчдийг тагнаж, чагнадаг юм бэ?

-Энэ талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна.