Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

Авто худалдааны цогцолбор үйлчлүүлэгч олонтой байна

Б.Болор-Эрдэнэ, Үндэсний шуудан
2018 оны 4 сарын 26
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлээс замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг бууруулах, хөрсний болон агаарын бохирдлын хэмжээг багасгах зорилгоор Авто худалдааны цогцолборыг байгуулсан билээ. Гэвч уг цогцолбор гурван жил үйл ажиллагаа явуулаагүй гэхэд болно. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн оны есдүгээр сард Авто худалдааны цогцолборын үйл ажиллагааг эрчимжүүлэх үүргийг хотын дарга С.Батболд холбогдох албаныханд өгсөн. Энэ дагуу импортын автомашины бичиг баримт бүртгэл, шинээр дугаар олгох, татвар, даатгал зэрэг үйлчилгээг тус цогцолборт үзүүлж эхлээд байна.

Мөн авто худалдааны цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлан, төвийн дулаанаар хангах ажил нийслэлийн энэ оны төсөвт ч тусгаад байгаа. Ингэсэн ч нийслэлд авто худалдааны жижиг төвүүд үйл ажиллагаа явуулсаар байгаа юм. Тиймээс тус цогцолбор хэрхэн өргөжиж байгааг сурвалжлахаар зорилоо. Биднийг очиход тус цогцолборт худалдаалж буй машинууд ярайж, машин сонирхсон, Авто тээврийн үндэсний төвөөр үйлчлүүлж буй иргэдийн хөл хөдөлгөөн их байв.

Хотын төвөөс зайдуу нөмөрлөх байшин барилгагүй тул сэрүүн хүйтэй талдаа гэж тэнд машин худалдаж буй хүмүүс ярьж байлаа. Тус цогцолборт өнгөрсөн есдүгээр сард 1,300 орчим машин худалдаалагдаж байсан бол одоогоор 2,000 гаруй машиныг эзнээ хүлээдэг авто зогсоолд тавиад байгааг “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-ын мэргэжилтэн хэлэв.

Харин түрээсийн хувьд нэг машин өдрийн 2,000 мянган төгрөг, сарын 60,000 төгрөгийн гэрээг бизнес эрхлэгчидтэй хийжээ. Тус зогсоолыг иргэн дөрвөн сая төгрөгөөр худалдан авах боломжтой. Харин тэр худалдан авсан зогсоолоо байрлалаасаа шалтгаалаад 700 мянгаас нэг сая төгрөгийн хооронд түрээсэлдэг байна. Гэрчилгээгээ гардан авсан учир зогсоолоо хэдэн төгрөгөөр түрээслэх нь тухайн иргэний эрх гэнэ.

Одоогоор тус цогцолборын 1,200 гаруй зогсоолыг автомашины бизнес эрхлэгчид худалдан авсан байна. Эдгээр иргэн Авто худалдааны цогцолбор ОНӨААТҮГ-т харуул хамгаалалт, цэвэрлэгээний мөнгөнд сард 6,000 төгрөг төлөх аж. Авто худалдааны цогцолборын үйлчилгээ, машины борлуулалт, үнэ, зах зээлийн талаар худалдаа эрхлэгчдээс тодрууллаа.

-Та хэзээ энэ цогцолборт нүүж ирсэн бэ?

-Анх 2014 онд ирсэн. Хуучин 1,000 зогсоолд байдаг байсан.

-Түрээсийн хувьд боломжийн байна уу?

-Би дөрвөн сая төгрөгөөр зогсоолоо худалдаад авсан. Тийм болохоор өртөг бага л байна. Сард надаас зогсоолын үйлчилгээний мөнгө гэж зургаан мянган төгрөг авдаг.

-Цогцолборыг зорин ирэх иргэдийн тоо хэр байна. Машины борлуулалт нэмэгдэж байна уу?

-Эхлээд нүүж ирж байхад эл хуль байсан. Хүмүүс мэдэхгүй. Бас ирэхгүй. Их хүнд байсан. 1,000 зогсоол руугаа очъё гэхэд намайг наашаа нүүсэн болохоор аваагүй. Харин одоо зогсоол нь машинаар дүүрсэн. Төрийн үйлчилгээ энд үзүүлж байгаа болохоор хөл хөдөлгөөн ч их болсон. Энэ нь машины борлуулалтад эергээр нөлөөлж байна.

-Машины үнийн тухайд тогтвортой байна уу?

-Машины үнэ ер нь тогтворгүй байдаг. Цагаан сараас хойшоо машины үнэ нэмэгдсэн. Үүнд валютын ханш нөлөөлж байна. Дээрээс нь Япондоо төмрийн хомсдол, татварын нөхцөл чангарснаас болсон гэж түншүүд тайлбарлаж байгаа. Приус 20 машины үнэ гэхэд оноосоо шалтгаалаад 2-4 хүртэлх сая төгрөгөөр нэмэгдсэн. Одоо приус 20 машиныг 12 сая төгрөгөөр худалдаалж байна гэсэн юм. Машин авлаа гэхэд бүх үйлчилгээг тус цогцолбороос бүрдүүлэх боломжтой.

Одоогоор энд нийт 30 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Авто тээврийн үндэсний төвийнхөн дугаар олгох үйлчилгээг долоон хоногийн зургаан өдөрт нь олгодог аж. Авто тээврийн үндэсний төвөөр өдөрт дунджаар 150-200 хүн дугаар авахаар үйлчлүүлдэг байна.

Энэ үеэр тус цогцолборын Газар зохион байгуулалт, гэрээ хариуцсан мэргэжилтэн Г.Эрдэнэбатаас цогцолборын үйл ажиллагааны нөхцөл байдлын талаар тодруулахад “Манай авто зогсоол дээр борлуулж буй машины тоо хэлбэлзэлтэй байдаг. Гэхдээ 1,500-2,000 хооронд бий. Солонгос авто машин худалдаалдаг бизнес эрхлэгчид энд ирэхийг хүсэхгүй байна. Манай Солонгос авто машины зогсоол одоогоор сул байна. Солонгос авто машинууд Да хүрээ орчмоор зарагдаж байгаа.

Авто худалдааны цогцолбор анх байгуулагдсан цагаасаа худалдаа эрхлэгчдийн эсэргүүцэлтэй тулгарч байсан. Харин одоо худалдаа эрхлэгчид энэ цогцолборт ирэх сонирхолтой болсон. Нийслэлд авто машин борлуулдаг худалдаа эрхлэгчдийн дийлэнх нь энд нүүгээд ирсэн. Ирсэн бизнес эрхлэгчид ам сайтай байгаа. Зай талбай ихтэй. Янз бүрийн үнэргүй. Агаар сайхан байна гэдэг. Нэг машин зогсоход 18 ам.метр зайтай. Ирэхгүй байгаа худалдаа эрхлэгчид нүүлгэх шаардлага ирэхийг хүлээгээд байгаа юм билээ.

Да хүрээ захынхан бүгд ирээд манай зогсоолыг хараад явсан. Солонгос машины их том зогсоол байна” гээд явсан. Тэгсэн хэр нь цаанаа янз бүрийн яриа гаргаад байна. Энэ нь эрх ашгийн зөрчлөөс үүдэлтэй л дээ. Тухайлбал, Да хүрээ дээр нэг хашаатай бизнес эрхлэгч гэхэд наашаа нүүгээд ирчих юм бол тэр хашааг нь түрээслэх хүнгүй болно. Тиймээс л янз бүрийн яриа гаргаад байгаа юм. Манайх цаашдаа цогцолбороо битүү болгох зорилготой байгаа. Цогцолборын дээгүүр нарны панель тавиад түүнээсээ цахилгаан гаргахаар Францын нэг компанитай санамж бичиг байгуулсан. Манайхаас хөрөнгө гарахгүй. Тэд өөрсдөө 25 сая ам.доллар гаргаад барихаар болсон.

зогсоолын хомсдол ҮҮССЭН гэдэг нь ХУДлАА ГЭВ

Авто худалдааны цогцолбор руу нүүх, нүүхгүй талаар бизнес эрхлэгчид, албаныхан зөрчилдсөөр байгаа юм. Автомашины сэлбэгийн бизнес эрхлэгчдийн холбооноос Да хүрээ тэргүүтэй зарим жижиг худалдааны төв яагаад авто цогцолбор руу нүүхгүй гэдэг байр суурьтай байгаа талаар тодруулахад “Авто худалдааны цогцолборт талбайн хомсдол үүссэн байгаа. Худалдаа эрхлэгчид нүүх гэсэн боловч талбайгүй байна. “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэгчлэн худалдаа эрхлэгчдийг тийшээ нүүхийг шаардаад байсан.

Гэтэл яг нүүх гэхээр очих талбай алга. Жижиг авто худалдааны төвүүд ихэнх нь нүүсэн. Да хүрээ захынхан бага сага нүүж байгаа. Худалдаа эрхлэгчид ер нь Авто худалдааны цогцолбор руу нүүх сонирхолгүй байгаа” гэлээ. Гэвч албаныхан талбайгүй гэдэг мэдээллийг үгүйсгэсэн юм.

Энэ талаар “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-ын дэд дарга Ц. Гүрбадамаас тодруулахад “Талбайгүй болсон гэдэг нь худал мэдээлэл. Худалдаа эрхлэгчид Авто худалдааны цогцолбор руу нүүхийг хүсэхгүй байгаа болохоороо худал мэдээлэл тарааж байгаа” гэсэн юм. Биднийг очиход тус цогцолбор дээр сул талбай олон байв. Дээрх байдлаас харахад энэ зөрчилдөөн нэг тийш нь болоогүй байна. Улаанбаатар хотын 2020 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд барилгын материалын нэгдсэн төвийг Налайх дүүрэгт байгуулах, техникийн зах, сэлбэгийн худалдааг нэгтгэж Авто худалдааны цогцолборт төвлөрүүлэхээр тусгасан.

Энэ дагуу автомашины зогсоолоос гадна нийтийн хоолны газар 26, бие засах газар, авто оношилгооны төв зэрэг байхаар төлөвлөсөн. Нийслэлд 27 га талбайд авто машин, тэдгээрийн сэлбэг, дагалдах хэрэгслийг худалдаалах зориулалтын бус газарт үйл ажиллагаа явуулдаг есөн томоохон зах, 34 цэгт нийт 7,000 автомашины зогсоол байдаг байна.

Харин энэхүү авто худалдааны цогцолбор нь 130 га газрыг хамарч, том, жижиг оврын нийт 14,000 авто машины зогсоолтой байхаар бизнес эрхлэгчид өөрсдөө хөрөнгө оруулалт хийж, автомашин худалдах зогсоолуудын нэгийг нь дөрвөн сая төгрөгөөр худалдан авахаар тусгасан байдаг.

Тухайлбал, Да хүрээ захын худалдаа эрхлэгчид сарын 90 мянган төгрөгийн түрээс төлдөг байна. Тиймээс асуудлыг шийдвэрлэхээр Автомашин сэлбэгийн бизнес эрхлэгчдийн холбоо “Авто худалдааны цогцолбор" ОНӨААТҮГ “Худалдаа эрхлэгчид хуучин түрээс буюу 90 мянган төгрөгийн түрээсээ төлөөд машинаа худалдана. Cap бүр 90 мянган төгрөг төлөөд нийт төлсөн мөнгө нь дөрвөн сая хүрсэн тохиолдолд зогсоолыг худалдаа эрхлэгчийн мэдэлд шилжүүлэх”-ээр санамж бичиг байгуулсан байна.

“Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ нь төсвөөс бус өөрийн үйл ажиллагааны орлого, зарлагаар зардлаа бүрэн санхүүжүүлж ажиллах юм. Энэхүү цогцолборыг анх сэлбэг хэрэгслийн 285 павильон, 11 мянга гаруй суудлын болон жийп авто машины худалдаа, 1,000 гаруй автобус, хүнд даацын авто машины худалдаа эрхлэх талбайтай байхаар төлөвлөсөн. Ингэснээр тус цогцолбор 2015 оны аравдугаар сард нээлтээ хийж, 6,375 автомашины зогсоол бий болсон юм. Автомашины захуудыг нүүлгэх зорилготой баригдсан энэхүү бүтээн байгуулалт нь үр дүнгээ өгч буй нь ийнхүү харагдаж байна.

Зураг