Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Уны зоогийн ширээнээс амттанг хасахыг Өмнөд Солонгосоос Япончууд шаардав

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Саяхан Өмнөд Солонгосын эрх баригчид маргааш болох хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтын дараа Ким Жон Унд барих хүндэтгэлийн зоогийн зургуудыг олон нийтэд үзүүлсэн билээ.

Тэгвэл Японы засгийн газар уг зоогонд орж байгаа манго жимсний муссыг хасахыг Сөүлээс албан ёсоор шаарджээ. Уг амттан дээр дээр Солонгосын хойгийн газрын зургийг дүрслэхдээ Өмнөд Солонгос-Японы хооронд маргаантай байдаг Докдо арлыг тодоор харуулсан нь ингэх шалтгаан болсон байна.

Өмнөд Солонгосын захиргаанд байдаг Докдо арлыг Япончууд Такешима хэмээн нэрлэж, өөрийн газар нутагт тооцдог.

Өчигдөр Японы гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлд газар нутгийн маргааныг зоогны нэг хэсэг болгосонд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлээд ”Уг амттанг зоогийн ширээнээс хасахыг шаардаж байна” гэжээ.

Пёнчаны Өвлийн Олимпийн үеэр мөн Солонгосын нэгдсэн баг тамирчдын далбаан дээр хойгийн газар нутгийг дүрслэхдээ Докдо арлыг багтаасан нь Сөүл-Токиогийн хооронд дипломат маргаан дэгдээж байсан юм.

Өмнөд ба Хойд Солонгостой харилцах Японы харилцаанд өнгөрсөн зууны эхний хагасын колоничлолын түүх, газар нутгийн маргаан зэрэг асуудал нь хамгийн эмзэг сэдэв болдог.

 

Эх сурвалж: Japan Today