Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

Норвегид ирэх 10 жилийн дотор цаасан мөнгө алга болно

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Скандинавын хойгийн Норвеги улс дэлхийн анхны бэлэн мөнгө хэрэглэдэггүй орон болоход ойрхон байгааг тус улсын дээд албаны хүн мэдэгдлээ.

Лондон хотод болж буй City Week чуулганд оролцсон Норвегийн төв банкны дэд ерөнхийлөгч Жон Николайсен тус улсын нийт арилжааны өчүүхэн хувийг бэлэн мөнгө эзэлж байгааг хэлсэн байна.

“Хамгийн сүүлийн тоо баримтаар манай зах зээлд эргэлдэж байгаа мөнгөний 3 хүрэхгүй хувь нь бэлнээр байна. Нийт гүйлгээний 10 хүрэхгүй хувь нь бэлэн мөнгөөр хийгдэж байна” гэж тэрээр дурджээ.

Үлдсэн бүх гүйлгээ, түүний дотор аяга кофе авах худалдаа хүртэл цахим хэлбэрээр гүйцэтгэгдэж байгаа гэнэ.

“Аль ч утгаараа бид бэлэн мөнгө хэрэглэдэггүй нийгэм нэгэнт болоод байна” гэж хэлсэн Николайсен энэ үзэгдлийг засгийн газрын ямар нэг бодлогын үр дүн биш, зөвхөн иргэдийн хүсэл сонирхлын илрэл юм гэжээ.

Ганц Норвеги биш, Скандинавын орнууд цаасан мөнгө хэрэглэдэггүй болох чиглэлд хурдтай шилжиж байгаа. Шведэд цаасан мөнгө олдохгүй болсноос гуйлгачид, явуулын хөгжимчид нь хүртэл карт уншигчтай болсон тухай шог яриа гарч байв.

Тэнд их хэмжээний бэлэн мөнгөтэй яваа хүнийг хуулийнхан гэмт хэрэгтэн, террорист гэж сэжиглэж магадгүйг хэвлэлүүд саяхан бичиж байжээ.

Николайсены үзэж байгаагаар ирэх арван жилийн дотор Норвегид цаасан дэвсгэртүүд бүр мөсөн алга болох гэнэ.

 

Эх сурвалж: Business Insider