Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

Дархлаажуулалтын долоо хоног "Вакциндаа хамрагдъя, Хамтдаа сэргийлье” уриатай

ikon.mn
2018 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг

“Дархлаажуулалтын дэлхийн долоо хоног" үргэлжилж байна. Энэ хүрээнд өнөөдөр Эрүүл мэндийн яам, ДЭМБ, ХӨСҮТ хамтран хэвлэлийн бага хурал хийлээ.

Монгол Улс 1961 оноос эхлэн дархлаажуулалтыг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нэвтрүүлсэн,  1993 оноос үндэсний хөтөлбөр болгон өргөжүүлж, 2002, 2011 онд шинэчлэн хэрэгжүүлсэн.  Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”-ийн нэгдүгээр зорилтод дархлаажуулалтын үйл ажиллагааг тусгасан нь хүүхэд, нялхасын эрүүл мэндийг хамгаалах, өвчлөл эндэгдлийг бууруулахад дархлаажуулалт чухал ач холбогдолтойг тодорхой тусгасан.     

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоолсноор дэлхий дахинд жил бүр вакцинжуулалтад хамрагдаагүй 1.5 сая хүүхэд халдварт өвчний улмаас нас бардаг.

Дархлаажуулалтын хамралт улс орон бүрт харилцан адилгүй байдаг бөгөөд хамралт багатай улс оронд вакцинаар сэргийлэх боломжтой улаанбурхан, улаанууд, сахуу, хөхүүл ханиад, менингит зэрэг халдварт өвчний дэгдэлт бүртгэгдсээр байгаа юм.

 

Манай улс дархлаажуулалтын хөтөлбөрт багтдаг вакциныг товлолын дагуу өндөр хамралттай, нэмэлт вакциныг нотолгоонд тулгуурлан оновчтой үр дүнтэй зохион байгуулсанаар цагаан цэцэг, халдварт саа, нярайн татран өвчинг устгаж, сахуу, хөхүүл ханиад сүүлийн жилүүдэд бүртгэгдээгүй, В хепатит, улаанбурхан өвчний тархалтыг хяналтандаа авсан амжилтанд хүрч, халдварт өвчинтэй тэмцэх талаар дэлхийн хэмжээнд тавьсан зорилтуудыг ханган ажиллаж байна.

“Дархлаажуулалтын долоо хоног”-ийг дэлхийн улс орнууд хамтран 2012 оноос эхлэн тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд энэ жил “Вакциндаа хамрагдъя, Хамтдаа сэргийлье” уриан дор 2018 оны 4 сарын 24-30 өдрүүдэд зохион байгуулж байна.

Энэ долоо хоногт дархлаажуулалтын чиглэлээр хүн амд бодит мэдээллийг түгээх, вакцины ач холбогдлыг эцэг эх, асран хамгаалагчдад таниулах, тэдний  мэдлэг, хандлагыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн ажилтнуудын ур чадварыг сайжруулах чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай  хамтран ажиллана. 

 

Эх сурвалж: ЭМЯ.