Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Цалин болон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхийг шаардаж тавдугаар сарын 1-нд жагсана"

Т.Саран, iKon.mn
2018 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос 5 дугаар сарын 1-нд жагсаал зохион байгуулах гэж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат "МҮЭ-ийн холбооноос 5 дугаар сарын 01-нд орон даяар жагсаал зохион байгуулах болсноо албан ёсоор мэдэгдэж байна. Хөдөлмөрийн зөвшлийн үндэсний гурван талт хэлэлцээрийн биелэлт, үүн дотроо цалин хөлс нэмэгдүүлэх асуудал, мөн хэлэлцээрт дурдагдсан бусад асуудлаар шаардлага тавьж жагсана.

Үндэсний гурван талт хэлэлцээрээр төрийн албан хаагч болон бусад салбарын ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх чиглэлээрх асуудалд Засгийн газар хойрго хандаж байгаа. Тэтгэврийг таван жил тутамд дундаж цалингаар тогтоодог байсныг долоон жил болгосон. Энэ нь тэтгэврийн хэмжээг шууд багасгах сөрөг үр нөлөөтэй.

Хөдөлмөр нийгмийн зөвшлийн үндэсний хорооны хурлыг хийх саналыг удаа дараа хүргүүлсэн. Улсын хэлэлцээрээр цалин хөлсний асуудлын шийдлийг хэлэлцэхийг санал болгосон ч харамсалтай нь ажил эхлээгүй байна.

Түүнчлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох хугацаа бол болчихсон. Хуулиараа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутамд тогтоох ёстой.

МҮЭХ-ноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ойролцоогоор 40-өөс доошгүй хувиар нэмэгдүүлэх буюу 400 мянган төгрөг болгох шаардлагатай гэж үзэж байна. Сүүлийн жилүүдэд манай улсны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 100 доллараас хэтрэхгүй байна.

Тийм учраас бид цалин хөлс болон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхийг шаардаж, 5 дугаар сарын 01-нд жагсана.  Хөдөлмөрийн хууль тогтоомжийг хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан Засгийн газарт тодорхой саналуудыг хүргүүлсэн. Цаашид хөдөлмөрийн хууль тогтоомжийг үнэгүйдүүлэх, ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүст халгаатай хууль батлагдвал МҮЭХ-ноос орон даяар эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна" гэлээ.