Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улс ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ индексээр хоёр байр УХАРЧ 71-р байрт бичигдэв

ikon.mn
2018 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Хил Хязгааргүй Сэтгүүлчид байгууллагаас эмхэтгэн гаргаж буй 2018 оны Дэлхийн Хэвлэлийн Эрх Чөлөөний Индексийг өнөөдөр дэлхий даяар зарлаж байна.

Энэ тайлангаас харвал дэлхий даяар сэтгүүлчдийн эсрэг өшөө хорсол нэмэгдсээр байгааг харуулж байна. Энэ өшөө хорслыг улстөрчид нээлттэй дэмжиж буй явдлаас эхлээд авторитар дэглэмүүд өөрсдийн сэтгүүл зүйн талаарх үзлээ гадагш түгээх оролдлогууд нь ардчилалд аюул учруулж эхэллээ.

Жил бүр дэлхийн 180 улс дахь сэтгүүл зүйн нөхцөл байдалд үнэлгээ хийж буй индексээс харахад үзэн ядалтын байдал улам бүр тодрон биежсээр байна.

Турк (хоёр байр ухарч 157-рт), Египет (161-рт) зэрэг ардчилсан бус орнуудад хэвлэл мэдээллийг үзэн ядах улс төрийн удирдагчдад ямар ч хязгаар үйлчлэхээ болилоо. Эдгээр оронд хэвлэл мэдээллийн эсрэг үзэл эрс илэрхий болсон бөгөөд сэтгүүлчдийг зориудаар терроризмын хэрэгт буруутгаж эсвэл үгээр нь байгаагүй хэнийг ч дур хүслээрээ хорьж байна.

Ардчилсан зарчмаар сонгогдсон удирдагчдын хувьд ч гэсэн ардчиллын тулгын чулуу нь хэвлэл мэдээлэл болохыг мартаж, дайсагналаа нээлттэй илэрхийлэх боллоо. “Анхдугаар өөрчлөлт”-ийн орон гэгддэг АНУ-ын тухайд ч тэр Дональд Трампын эрх барих хугацаанд дахин байр ухарч индексийн 45-рт эрэмбэлэгдлээ. Хэвлэл мэдээллийн эсрэг довтлох дуртай тэрбээр Иосиф Сталины хэлсэнчлэн сэтгүүлчдийг “ард түмний дайсан” хэмээн зарласан.

Хэл амаар хүчирхийлэх явдал болон биет халдлагын зааг уусан алга болж буйн нэг жишээ нь Филиппин (зургаан байр ухарч 133-рт) улс юм. Тус улсын ерөнхийлөгч Родриго Дутерте сэтгүүлчдийг байнга доромжлохын зэрэгцээ тэднийг “захиалгат аллагаас хэлтрүүлэхгүй” гэсэн анхааруулга өгсөн. Мөн Энэтхэгт (хоёр байр ухарч 138-рт) дийлэнхдээ ерөнхий сайд Нарендра Модигийн хөлсний троллчдын оролцоотойгоор сэтгүүлчдийн эсрэг чиглэсэн үзэн ядалтын яриа нийгмийн сүлжээнд тарж, улам газар авдаг боллоо. Дээр дурдсан хоёр орон тус бүрт өнгөрсөн онд хамгийн цөөндөө дөрвөн сэтгүүлч буудуулж амиа алдаад байгаа.

Улчтөрчид хэвлэл мэдээллийн эсрэг аман хүчирхийлэл үйлдэх явдал хэвлэлийн эрх чөлөөг хамгийн ихээр хүндэлдэг гэгддэг Европт хүртэл газар авч байна.

Чехэд (11 байраар ухарч 34-рт) л гэхэд тус улсын ерөнхийлөгч Милос Земан нэгэн хэвлэлийн бага хурлын үеэр “Сэтгүүлчдэд зориулав” гэсэн бичигтэй тоглоомон Клашников автомат буутай гарч ирсэн тохиолдол бий. Мөн Словакийн (10 байраар ухарч 27-рт) ерөнхий сайд Роберт Фико сэтгүүлчдийг “Словакийн-эсрэг бузар биеэ үнэлэгчид”, “тэнэг цөөвөр чононууд” хэмээн нэрлэсэн. Түүнчлэн санаатайгаар машинд бөмбөг тавьсны улмаас амиа алдсан Мальта (18 байраар ухарч 65-рт) сэтгүүлч Дафне Каруана Гализиагийн үхлээс дөрөвхөн сарын дараа буюу 2018 оны хоёрдугаар сард Словакийн эрэн сурвалжлах сэтгүүлч Иан Кучиак гэртээ буудуулж амиа алдсан билээ.

Хил Хязгааргүй Сэтгүүлчид байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Кристоф Дилойр “Сэтгүүлчдийн эсрэг үзэн ядалт уяанаасаа алдуурах нь ардчилалд учирч буй хамгийн аюултай заналхийлэл” гэж нэгэнтээ хэлсэн.

Мөн тэрбээр “Сэтгүүлчдийн эсрэг жигшил зэвүүцлийг өөгшүүлж байгаа улс төрийн удирдагчдын хувьд хүнд хариуцлагад унах болно. Учир нь тэд олон талт баримтад суурилсан олон нийтийн хэлэлцүүлэг гэх ойлголтыг сүйтгэж, үүнийхээ оронд суртал ухуулгын нийгмийг бойжуулж байна. Тиймээс сэтгүүл зүйн хууль ёсны оршихуйтай дайтах нь галаар тоглож буй хэрэг” гэдгийг онцолсон.

Норвеги дахин тэргүүлж, Хойд Солонгос сүүл мушгисаар

Өнгөрсөн жилийн адилаар энэ удаагийн индексийг Норвеги тэргүүлж, Швед дахин удаалжээ. Гэвч хэвлэлийн эрх чөлөөг дээдлэх уламжлалтай Нордик буюу Хойд Европын орнууд ухралтаас зугтсангүй. Тухайлбал, сэтгүүлчдийн нууц эх сурвалжид аюул учруулсан хэргийн улмаас Финланд (нэг байраар ухарч 4-рт) хоёр дахь жилдээ ухарч Нидерландад зайгаа тавьж өглөө. Харин Умард Солонгос индексийн 180-рт эрэмбэлэгдсэнээр сүүл мушгисан хэвээр байна.

Энэ удаагийн индексээс “диктаторууд” болон түүнтэй өрсөлдөгч загваруудын нөлөөлөл нэмэгдсэн болохыг харж болно. ОХУ-д (148-рт) л гэхэд Путин дотоодын хараат бус дуу хоолой бүрээ багалзуурдчихаад “RT”, Sputnik зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслийг багтаасан суртал ухуулгын сүлжээгээ тэлсээр байна. Харин энэ зуурт Хятадын (176-рт) удирдагч Ши Жиньпин мэдээ, мэдээллийн хатуу хяналтын загвараа Ази даяар түгээж байв. Энэ мэт шүүмжлэл, зөрүүтэй үзэл бодол бүрийг хэрцгийгээр нухчин дарах явдал нь индексийн сүүлд бичигдэх Вьетнам (175-рт), Туркменистан (178-рт), Азербайжаныг (163- рт) өөгшүүлж байна.

Харин тоталитари ноёрхолд оршдоггүй орнуудын хувьд дайн гэгч зүйл мэдээ, мэдээллийн хар нүх үүсгэж байна. Тухайлбал, Ирак зэрэг улсын хувьд нөхцөл байдал “маш муу” гэсэн ангиллаар индексийн төгсгөлд бичигдлээ.
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний газрын зурагт хэзээ ч ийм олон орон нэгэн зэрэг хараар будуулсан тохиолдол гарч байгаагүй юм.

МОНГОЛ УЛС ХОЁР БАЙР УХРАВ

Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн буюу 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр шинээр батлагдах Зөрчлийн тухай хуулийг эсэргүүцэн хөтөлбөрүүдээ түр хаасан. Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн гүтгэхтэй холбоотой нийт хэргийн талаас илүү нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийн эсрэг байгаа нь өөрийн цензурийн хүрээг тэлж байна.

Харин ерөнхий дүр зургаар нь харвал, төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь олон нийтийн өмчлөлд шилжиж ардчиллыг манах хоточ нохой болж буй нь сайны дохио юм. Гэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эзэмшил хэт төвлөрч байгаа төдийгүй улс төрийн намуудтай сүжрэх болсон нь бие даасан, хараат бус хэвлэл мэдээллийг хойш татаж байна. Мөн тухайн байгууллагын өмчлөлийн хэлбэрээс үл хамаарч улстөрчдийн зүгээс ирэх дарамт, засгийн газрын ил тод бус, шүүмжлэлд эмзэг хандах байдал зэрэг нь хэвлэл мэдээллийн үндсэн үүргийг хязгаарлаж байна. Тиймээс ч Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индекс хоёр байр ухарч 71-т бичигдлээ.

 

Эх сурвалж: Хил Хязгааргүй Сэтгүүлчид