Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Салхи, нарны эрчим хүчийг 100МВт-ын хүчин чадалтай хуримтлууртай болгоно"

ikon.mn
2018 оны 4 сарын 25
iKon.MN
 

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Салхит” салхин цахилгаан станцын үйл ажиллагаатай биечлэн танилцлаа. Энэ үеэр Эрчим хүчний яамны Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга О.Бавуудорж болон бусад албаны хүмүүс байлцлаа.

Монголын анхны бие даасан цахилгаан эх үүсвэртэй 50 МВт-ын хүчин чадал бүхий салхин цахилгаан станц болох “Салхит” салхин цахилгаан станц нь анх 2004 онд байгуулагдсан. Жилд 140-150 сая кВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг аж.

Энэхүү станц нь “Женерал Электрик” компанийн 1.6 МВт-ын хүчин чадалтай 31 салхин турбин үүсгүүрээр тоноглогдсон. Жил бүр хүлэмжийн хийн ялгарлыг 180 мянган тонноор бууруулахаас гадна 1.6 сая тонн цэвэр ус болон 122 мянган тонн нүүрсийг хэмнэдэг. “Салхит” салхин цахилгаан станц нь энэ оны эхнээс 100 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж эхэлсэн бол энэ сард 80 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байна.

 

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Өнөөдөр Монгол Улс нийт эрчим хүчнийхээ 11.8 хувийг буюу 120 МВт цахилгаан эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр үйлдвэрлэж байна. Цаашдаа сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр нэлээн нэмэгдэнэ. Өнөөдөр олгогдсон зөвшөөрөл нэмэгдсэн гэхдээ бид үүнийг тодорхой зохицуулалттайгаар өөр бусад эх үүсвэрийн суурилагдсан хүчин чадалтайгаа уялдуулж хөгжүүлэхгүй бол болдоггүй.

Яагаад гэвэл өвөл орой 6 цагийн үед наргүй болчихвол үйлдвэрлэл зогсчихно. Энд тухайлбал салхигүй болчихвол бас үйлдвэрлэл зогсоно. Иймэрхүү хүндрэлийг даван туулахын тулд салхи, нартай байгаа үед үйлдвэрлэж байгаа эрчим хүчийг хуримтлуулдаг 100 гаран МВт-ын хүчин чадалтай улсын хэмжээний нэгдсэн хуримтлуурын системийг бий болгох ажлыг ойрын 2 жилд хийхээр төлөвлөж байна. Тэгэх юм бол бид цаашдаа сэргээгдэх эрчим хүчийг ашиглах боломж бүрдэнэ. Хуримтлуургүй бол үүнийг цааш нь хөгжүүлэхэд хүндрэлтэй. Яагаад гэвэл наргүй, салхигүй болоод ирэхээр бид дутагдаж байгаа эрчим хүчийг ОХУ-аас авахаас өөр аргагүй болдог. ОХУ-аас авах нийт эрчим хүчний дээд хэмжээ бол 240 МВт байдаг.

Цаашдаа нар сарны эрчим хүч 300 МВт гардаг болно. Тэр үед ОХУ-аас 240 МВт аваад ч сэргээгдэхээр дутагдах эрчим хүчийг хангах боломжгүй болж байгаа юм. Энэ үед хэрэглэгчийг таслах эсвэл нар салхины эрчим хүчээ ажиллуулахгүй байх хүндрэл бэрхшээлүүд гарч болзошгүй. Үүнээс л гарахын тулд бид томоохон хэмжээний 100 МВт-аас дээш хүчин чадалтай батарей хуримтлуурыг ойрын 2 жилдээ хийхээр төлөвлөж байна. Үүний дараа бол сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх боломж сайжирна.

Анхны хөрөнгө оруулалт өндөр болохоос биш яг үйлдвэрлэл яваад ирэхээр нар салхийг үнэгүй ашиглаж байгаа учраас хямд байна. Цаашдаа бол нарны технологи илүү хямдарч байгаа. Тийм учраас дэлхий нийтээрээ сэргээгдэх эрчим хүчийг түлхүү ашиглах бодлого барьж байна. Үүнтэй зэрэгцээд нартай байх үед хуримтлуулаад шөнө болонгуут хуримтлуураасаа хэрэглэгч нартаа цахилгаан түгээдэг ийм системийг хамтад нь хөгжүүлэх ёстой. “Салхит” салхин цахилгаан станц бол 50МВт-ын суурилагчийн хүчин чадалтай, жилийн дунджаар харахад 30МВт-ыг үйлдвэрлээд байгаа төлөв байдаг.” 

 

Эх сурвалж: ЭХЯ