Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын шүүх сармагчинд өөрийн селфийг эзэмших эрх байхгүй гэж дүгнэжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Хэдэн жилийн өмнө интернэтэд дуулиан болж байсан сармагчингийн селфи зургийг уг амьтан өөрөө эзэмших эрхгүй гэсэн шийдвэрийг АНУ-ын шүүхээс саяхан гаргажээ.

Индонезийн Сулавеси арлын шугуйд амьдардаг макака сармагчин 2011 онд Британий байгалийн гэрэл зурагчин Дэвид Слэйтерийн камераар оролдож байгаад санамсаргүй өөрийн гэрэл зургийг буулгасан юм.

Энэ зураг интернэтээр тарж, нэлээд дуулиан болж байв. Гэвч 2015 онд АНУ-ын амьтны эрхийг хамгаалагч байгууллага PETA сармагчны зохиогчийн эрхийг хамгаалж, Дэвид Слэйтерийг шүүхэд өгчээ.

Эхний шүүх хурлаар PETA-гийн хүсэлтийг хүлээж аваагүй байна. Гэвч Слэйтер өнгөрсөн оны аравдугаар сард уг гэрэл зурагнаас олсон орлогынхоо 25 хувийг макака сармагчинг хамгаалах санд хандивлах шийдвэр гаргаж байжээ.

Үүнд сэтгэл ханаагүй PETA байгууллага шүүхэд давж заалдаад байв. Харин шүүх энэ удаа тус байгууллагыг Наруто хэмээн нэрлэгдэж байгаа сармагчинг төлөөлөх эрхгүй гэсэн дүгнэлт гаргаж, уг маргааныг нэг мөсөн хаасан байна.

Калифорнийн давж заалдах шатны шүүх адгуус амьтан зохиогчийн эрхийн маргаан үүсгэх боломжгүй, PETA байгууллага уг тохиолдлыг ашиглан өөрийн зорилгыг хэрэгжүүлэхийг санаархаж байна гэж дүгнэжээ.

“PETA байгууллага өөрийн үзэл суртлын зорилгыг биелүүлэхдээ Наруто сармагчинг шатрын хүү болгон ашиглаж байна” гэж шүүхийн дүгнэлтэд дурдсан байна.

 

Эх сурвалж: AFP