Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

Сергей Лавров: Ганц л пуужин "улаан шугам"-ыг давсан бол бүх хөлөг онгоцыг нь живүүлэхэд бэлэн байсан

Ц.Даваасамбуу, Үндэсний шуудан
2018 оны 4 сарын 25
Үндэсний шуудан
Зураг зураг

ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров “Rossiуа Segodnya” олон улсын агентлагийн захирал Дмитрий Киселевт ярилцлага өгчээ. Түүний ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.

-Лондоны зүгээс манай улсыг тагнуулч асан Скрипалийг хордуулсан, Сирийн Ерөнхийлөгч Дума хотод химийн зэвсэг ашигласныг өмгөөлж байна гэх зэрэг олон хэрэгт буруутгаж, Европын орнууд манай улсын эсрэг шат дараатай хориг арга хэмжээ авсаар байна. Үүний хариу болгож ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа вэ. Мөн Скрипалийг хордуулсан хэргийн ард Их Британи байгаа гэдгийг хэзээ, хэрхэн батлахаар төлөвлөж байна?

-Зарчмын хувьд бидэнд хангалттай баримт, нотолгоо бий. Их Британи, Франц, АНУ хамтран Сирид агаарын цохилт өгсөн нь энэ бүс нутагт амьдарч буй хүмүүст хүмүүнлэгийн гамшиг дагуулсан. Саяхан “Euronews” үзэж байхад химийн зэвсэгт хордсон байж болзошгүй шинж тэмдэгтэй хүмүүсийн дүрс бичлэгийг харуулсан юм. Дүрс бичлэгт бүх биеийг нь цагаан даавуугаар ороосон нэг эмэгтэй болон үнэр мэдрэхээ байсан хоёр хүүхэд гарч байв.

Харин тухайн хордсон хүмүүсийг хэн гэдэг, яг ямар шинж тэмдэг илэрсэн, яг хэзээ хаана химийн зэвсгийн дайралтад өртсөн исэх олон асуултын талаар тодорхой хариулт өгсөнгүй. Үүнийг хөндлөнгөөс харахад ямар нэгэн зохион байгуулалттай хэрэгтэй тун төстэй харагдаж байгаа юм. Түүнчлэн сүүлийн үед Салисбури хотын ойролцоо химийн бодисын агуулах олдсон гэх мэдээлэл цацагдаад буй.

Яг одоогоор олон улсын шинжээчид Дума болон Салисбури хотод шинжилгээ хийж байгаа. Тун удахгүй бүх зүйл тодорхой болно. Ерөнхийдөө худал, ташаа мэдээлэл болон элдэв дүрс бичлэгийг “Цагаан дуулгатан”-ууд бэлтгэдэг. Тэд барууны орнуудын санхүүжилтээр, нууц үйл ажиллагаа явуулдаг.

-Химийн зэвсгийг хориглох байгууллага Сирид ажиллаж байгаа. Тус байгууллагын гаргасан тайлан хэр найдвартай вэ?

-Хамгийн чухал нь тайлан үнэн зөв гарах хэрэгтэй. Мэдээж барууны орнууд Химийн зэвсгийн хориглох байгууллагын үйл ажиллагаанд саад учруулах олон оролдлого хийж байгаа. Түүнчлэн бид Химийн зэвсгийн хориглох байгууллагын жинхэнэ болон хуурамч ажилтнууд бий гэдэгт ч эргэлзэхгүй байна.

Тэдгээр ажилтнуудыг Дамаск хотод хүргэхдээ аюулгүй байдлыг нь манай улсын цэргийн хүчин хариуцаж байсан бөгөөд тэд халдлагад өртөхөө шахсан. Г эхдээ халдлагын ард хэн байгаа нь өнөөг хүртэл тодорхойгүй үлдсэн.

-Шинжээчид буруу хариу гаргах боломжтой юу. Тухайлбал урьдчилж, өөрсдөө химийн бодис цацаад дараа нь шинжилгээний дээж авдаг ч юм уу. Ер нь шинжээчдэд хэрхэн хяналт тавьж байгаа вэ?

-Би шинжээчдийг үнэн зөв шийдвэр гаргана гэдэгт итгэж байна. Тиймээс тэдний ажилд ямар нэгэн байдлаар оролцохгүй байсан нь дээр байх гэсэн байр суурьтай байгаа.

-Цахим ертөнцөөр 11 настай Хосан Диаб гэх хүүгийн амнаас цагаан хөөс сахарч, сандарсан гэр бүлийнхэн нь хүү дээр хүйтэн ус асгаж буй дүрс бичлэг цацагдаж, үзсэн хүн бүр Башар Асад болон түүний холбоотон орнуудыг буруутгаж байсан?

-Станиславский (драмын урлагийн сонгодог онолыг боловсруулсан хүн) “Нөхөр Сталин, уучлаарай өөрийн чинь болон эцгийн чинь нэрийг мартчихаж” гэдэг шиг би уг дүрс бичлэгт огтхон ч итгэхгүй байна. Ийм бохир заваан зүйлдээ бага насны хүүхэд ашиглаж буй нь жигшмээр юм.

-Та НҮБ-ын Аюулгүйн зөвлөл дэх ОХУ-ын Байнгын төлөөлөгчийн үүргийг олон жил гүйцэтгэж байсан туршлагатай. Хосан Диаб аавын хамт НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралд оролцож, Сирид химийн зэвсэг ашигласны золиос болсон гэдгээ гэрчлэх боломжтой юу?

-Хэрэв үнэхээр ийм зүйл болбол бид дэмжинэ. Аюулгүйн зөвлөлийн хуралд иргэний төлөөлөл гэрчээр оролцох бүрэн боломж бий.

-Ингэж байсан тохиолдол практикт байгаа юу?

-Мэдээж байгаа. Намайг Аюулгүйн зөвлөл дэх ОХУ-ын Байнгын төлөөлөгч байх үед Иран болон Сирийн иргэнийг оролцуулж байсан.

-АНУ, Их Британи, Франц хамтарсан агаарын довтолгоо хийх гэж буй тухай хэзээ анх мэдсэн бэ. Тэдгээр орнуудын агаарын довтолгоо яг ямар байг чиглэж байгаа талаар болон хэдий хэр хугацаанд хэр хэмжээний хохирол учруулахаар байгаа талаар хийсэн судалгаа бий Хэрэв гурван улсын хамтарсан агаарын довтолгоо тооцоолж байснаас өөр газрыг чиглэж, илүү их хохирол учруулахаар байсан бол ОХУ болон Сирийн Засгийн газар барууны орнуудын пуужин харваж буй хөлөг онгоцнуудыг устгахад бэлэн байсан уу?

-АНУ, Франц, Их Британи хамтран агаараас довтлохоосоо өмнө Оросын зэвсэгт хүчний жанжин штабын дарга Валерий Васильевич Герасимовд албан ёсоор мэдэгдсэн. Хэрэв хамтарсан хүчний харвасан нэг л пуужин эвслийн буюу ОХУ Сирийн хамтарсан цэргийн хүчний байрлаж буй бүс нутагт унасан бол бид далайд байрлуулсан бүх хөлөг онгоцыг нь живүүлэхэд бэлэн байсан.

Энэ талаар Валерий Васильевич Герасимов ч өмнө нь анхааруулсан. Агаарын дайралт эхлэхээс өмнө улс орнуудын дээд төвшний генералууд утсаар холбогдож, газрын зураг дээр тэмдэглэсэн “улаан шугам”-ын газар зүйн байршлыг танилцуулж, ямар ч тохиолдолд “улаан шугам”-ыг давж болохгүй гэдгийг хатуу анхааруулчихсан байсан.

-Гурван.орны хамтарсан агаарын дайралтаар нийт 103 пуужин харвасны 71-ийг амдаж устгасан гэж ОХУ-ын талаас мэдэгдсэн бол АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп харвасан бүх пуужин зорилтод байндаа хүрсэн гэж мэдэгдсэн. Хэн нь үнэн яриад байна вэ?

-Яг энэ тохиолдолд АНУ-ын Ерөнхийлөгчийг хэн гэж дуудахаа үнэндээ мэдэхээ болих юм. Бид бол үнэн бодит, баримттай зүйл мэдээлдэг. АНУ-ын засаг захиргааны ажилтнууд Ерөнхийлөгчтэйгөө хэрхэн ойлголцдогийг ойлгоход бэрх юм.

-Манай улсыг зүгээс “S-300” загварын агаарын довтолгооноос хамгаалах систем Сирид нийлүүлэх тухай яригдаж байна. Энэ үнэн үү?

-Агаарын довтолгооноос хамгаалах системүүд нь цэвэр хамгаалалт юм. Гэхдээ энэ талаар албан ёсны хэлэлцээр хийгдээгүй байгаа.

-Хэдийгээр та АНУ-ын дотоод томилгоо бидэнд хамаагүй гэдэг ч галзуу нохой Жеймс Мэттис тус улсын Батлан хамгаалах салбарын тэргүүнээр ажиллаж буй цагт хоёр улс цэргийн мөргөлдөөнөөс хол байх боломжтой гэж үү?

-Улс төрийн болон цэргийн хүчин гэдэг хоёр өөр ойлголт. Цэргийнхэн аливаа асуудлыг хүчээр шийдэх гэж оролддог хандлага бий. АНУ “Бид оросуудтай сайн харилцаатай байхыг хүсэж байна. Гэхдээ оросууд бидний хийж буй бүхнийг хүлээн зөвшөөрөх ёстой” гэсэн утгатай юм яриад байгаа юм.

-АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Ерөнхийлөгч Владимир Путинийг Цагаан ордондоо урьсан. Энэ уулзалтаар ямар нэгэн өөрчлөлт гарах болов уу?

-АНУ-ын Ерөнхийлөгч утсаар ярих үедээ Ерөнхийлөгч Владимир Путинийг Цагаан ордонд айлчилбал баяртай байх болно гэсэн утгатай үг хэлсэн. Ер нь хэд хэдэн удаа айлчлахыг урьсан утгатай зүйл яриад байгаа. Кремль ч гэсэн АНУ-ын Ерөнхийлөгчийн саналыг үл ойшоох бодолгүй байна. Ерөнхийдөө бол Ерөнхийлөгч айлчлал болон уулзалтад бэлэн байгаа,

-Айлчлал болон уулзалтын бэлтгэл ажил хийгдэж байгаа юу?

-Одоохондоо хийгдээгүй байгаа. Гэхдээ ойрын хугацаанд хийгдэж эхлэх болов уу.

-Удахгүй АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын уулзалт болно. Манай улс уулзалтыг зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн тухай мэдээлэл цацагдах боллоо?

-Манай улс уулзалтыг зохион байгуулъя гэсэн хүсэлт албан ёсоор огт тавиагүй. Уулзалт болох боломжтой газруудаар Монгол болон Европын хэд хэдэн орон дурдагдаж байгаа тухай сонссон юм байна.

-Яагаад манай улс уулзалт зохион байгуулах хүсэлтээ илэрхийлж болохгүй гэж?

-Бид энэ асуудалд ач холбогдол өгөх шаардлагагүй байх. Ямартай ч тэд эхлээд уулзаг. Харин дараа дараачийн уулзалтыг зохион байгуулж болох юм.

 

Эх сурвалж: sputniknews

Зураг