Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

АмЧам Монгол Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Саулетэй уулзалт зохион байгууллаа

ikon.mn
2018 оны 4 сарын 24
iKon.MN

2018 оны 4-р сарын 24-ний өдөр Монгол дахь Америкийн Худалдааны Танхимаас (АмЧам Монгол) зохион байгуулсан сар бүрийн Бизнес уулзалтад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле болон тус яамны газар, хэлтсийн дарга, мэргэжилтэн нар оролцлоо.

Уулзалтын үеэр дэд сайд Ж.Сауле хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулах, бизнес хийх боломжийн талаар мэдээлэл өгч, гарсан үр дүн, цаашдын зорилтыг танилцуулж, хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулагчдын төлөөлөлтэй санал солилцож, асуулт, хариултын хэлэлцүүлэг хийв.

 

Дэд сайд Ж.Сауле уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улс болон АНУ хоорондын худалдааны харилцааг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн уулзалтуудыг тогтмол зохион байгуулж ирсэн АмЧамын удирдлага болон хүрэлцэн ирсэн зочдод талархаж буйгаа илэрхийлээд:

“Бүс нутгийн интеграци улам бүр идэвхжиж, хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтын багцаа төрөлжүүлэхийг сонирхож байгаа эдийн засгийн өнөөгийн онцлог цаг үеийг манай салбарынхан шуурхай мэдэрч, үр ашигтай хөрөнгө оруулалтыг татах, дэд бүтцийг сайжруулахад ашиглах, татварын таатай нөхцөл, хөнгөлөлтийг хэрэглэх, худалдааны харилцаагаа сайжруулах нь зүйтэй.
Харин улс орны эдийн засгийг төрөлжүүлж, хувийн хэвшлийнхэн гадаад зах зээлд, улмаар бүс нутгийн түвшинд бизнесийн үйл ажиллагаа эрхлэхэд нь тодорхой дэд бүтэц, Засгийн газрын дэмжлэг зайлшгүй шаардлагатай. Иймд Засгийн газар эдийн засгаа төрөлжүүлэх өргөн хүрээтэй, шинэлэг санаачилгыг хэрэгжүүлэх зорилгоор Гурван тулгуурт хөгжлийн бодлогыг баталсан. Цаашид бүсчилсэн хөгжлийн бодлогыг шинэчлэх төлөвлөгөөтэй байна” гэв.

АмЧамын ТУЗ-ийн дарга Стив Поттер нээлтийн үгэндээ:

“ХХААХҮЯ мал аж ахуйн үйлдвэрлэлээ төрөлжүүлж, хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарыг сэргээж, нэмүү өртөг бүхий хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг дэмжих чиглэлд бодит ажлууд хэрэгжүүлж буйг бид ихээхэн үнэлж байна. Уул уурхайн бус салбаруудаас ажлын байр нэмэгдүүлж, бүс нутгийн хөгжилд хувь нэмэр оруулж, экспортын орлогыг нэмэгдүүлж, дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүнээр импортыг орлуулах зэрэг эдийн засгийн асар их ач холбогдол бүхий хөгжлийн асуудалд хөдөө аж ахуйн салбар томоохон үүрэг гүйцэтгэдэг.
Цаашид АмЧам Монгол дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц, найдвартай бас хүчирхэг салбарыг бүрдүүлэхэд ХХААХҮЯ болон энэ салбарт ажилладаг гишүүдтэйгээ нягт уялдаатай хамтран ажиллах болно” гэв.

АмЧам Монголын тухай


АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм.
АмЧам Монгол нь 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ѐсны салбар юм. Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.