Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Армений ерөнхийлөгч Путиныг дуурайх гээд чадсангүй

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Сэрж Саргисян

10 хоног орчим үргэлжилсэн тэмцлийн дараа Армений иргэд нийслэл Ереваны гудамжинд гарцгааж баяраа тэмдэглэсэн байна.

Өчигдөр Армений ерөнхий сайд Сэрж Саргисян гэнэтийн мэдэгдэл хийж, огцрох болсноо зарласан юм.

Армений ерөнхийлөгч асан тэрээр “Никол Пашиняны зөв, миний буруу байжээ. Гудамж талбайд өрнөж байгаа хөдөлгөөн бол миний засаглалын эсрэг тэмцэл юм. Би тэдний шаардлагыг хүлээн авч байна” гэж вэбсайтдаа бичжээ.

63 настай Саргисян 2008 оноос хойш 10 жил ерөнхийлөгчийн албыг хашсаныхаа дараа өнгөрсөн сонгуулийн дараа өөрийгөө ерөнхий сайдын суудалд томилсон юм.

Ингэхдээ тэр ерөнхийлөгчийн эрх мэдлийг багасгаж, ерөнхий сайдын хүч чадлыг нэмэгдүүлсэн байна. Түүний энэ үйлдэл ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины тактикыг санагдуулж, улмаар Арменичууд мөнхийн удирдагчтай болохыг эсэргүүцэж эхэлсэн юм.

Хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улс орнуудын удирдагчид өөртөө бүх насаар засаглах боломжийг олгоод байгаа.

Харин Кавказийн өмнөд хэсэг оршдог Армений иргэд ингэхийг зөвшөөрсөнгүй. Дөрөвдүгээр сарын 13-наас эхэлсэн жагсаал тэмцэл өнгөрсөн Ням гарагт оргилдоо хүрч, 50,000 орчим хүн оролцжээ.

Тэмцлийг удирдсан Пашинян ерөнхий сайдтай уулзсаныхаа дараа Ням гарагт баривчлагдсан юм.

Түүнийг Даваа гарагт сулласан байна. Саргисяны мэдэгдлийн дараа Армений засгийн газар өмнөх ерөнхий сайд Карен Карапетяныг үүрэг гүйцэтгэгчээр томилжээ.

Саргисян ерөнхий сайдын суудалд суусныхаа дараа өөрийн холбоотон, Британид суугаа элчин сайд Армен Саркисяныг ерөнхийлөгчөөр томилж байв.

Түүний энэ алхам Медведевийг түр ерөнхийлөгчөөр томилсны дараа эргэж ирсэн Путины үйлдлийг санагдуулж байсан юм.

 

Эх сурвалж: Associated Press