Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Хатан хааны шинэ ач хүү Британий эдийн засагт олон саяыг нэмэрлэнэ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Даваа гарагт Британий ханхүү Уилльямийн гэргий, гүнгийн ахайтан Кэйт Мидлтон гурав дахь хүүхдээ төрүүлсэн нь хүү байсан юм.

Хаан ширээг залгамжлах тавдугаар хүн болж байгаа бяцхан хүүг Британий эдийн засагт олон арван саяын хувь нэмэр оруулна гэж судлаачид тооцоолжээ.

Британий хатан хааны гэр бүлд шинэ хүн нэмэгдэх бүрт тус улсын жижиглэн худалдааны салбарын орлого огцом нэмэгдэж, эдийн засгийг нь тэтгэдэг.

Хаант ёсоо дээдэлдэг Британичууд уг түүхт үйл явдалд зориулан бэлэг дурсгалын зүйлс, хүүхдийн эдлэл хэрэглэл олноор худалдан авдаг байна.

Шинэ хүүгийн үүсгэх эдийн засгийн нөлөөг ойрын хэд хоногийн дотор $70-$125 саяын хооронд хүрнэ гэж судлаачид тооцоолжээ.

Тухайлбал The Centre for Retail Research судалгааны байгууллагын тооцоолсноор $39 саяын бэлэг дурсгал, $28 саяын хүүхдийн эд бараа эхний сар орчим хугацаанд зарагдана гэж тооцоолсон байна. Ханхүү Уилльямийн өмнөх хоёр хүүхэд үүнээс ч ихээр эдийн засагт нөлөөлж байжээ.

Жишээ нь ууган хүү Жорж нь $3.6 тэрбумыг, удаах охин Шэрлот нь $5 тэрбумыг Британий эдийн засагт нэмэрлэж байв. Угсаа залгамжлагч охин төрсөн гэдэг утгаараа гүнж Шэрлотын нөлөө илүү их байсан гэдэг.

Үүнийг эдийн засагчид “Charlotte effect” гэж нэрлэж байжээ. Ханхүү Жоржийг төрсний дараа эмнэлгээс гаргах үед хучсан байсан өлгий тэр дороо дэлгүүрүүдийн лангуунаас алга болсон ба компани нь үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхэд хүрч байв.

Шинэ хүүхэд төрснөөс гадна ирэх сард болох ханхүү Харри, кино жүжигчин Меган Мэркл нарын хурим Британий эдийн засагт тэсрэлт үүсгэх төлөвтэй байгаа.

Тавдугаар сарын 19-ний өдөр Уиндсорын шилтгээнд болох хуримын эздийн өмсөж, зүүсэн бүхэн Британичуудын хувьд эрэлттэй зүйлс байх ажээ.

 

Эх сурвалж: Time.Com