Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Хаянхярваа: Энэ чуулганаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг эцэслэнэ

Т.Саран, iKon.mn
2018 оны 4 сарын 23
iKon.MN
Зураг зураг

УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ.

Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Ажлын албаны дарга Н.Энхтайван нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн явцын талаар Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан бүлгийн гишүүдэд танилцуулга хийв. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг сайтар судалж, үргэлжлүүлэх нь зүйтэй гэдэгт олонхи гишүүд санал нэгдсэн байна.

Түүнчлэн МАН-ын бүлгийн гишүүд чуулган, байнгын хорооны хуралдаанд сахилга хариуцлагатайгаар оролцох талаар ч хурлын үеэр хөнджээ. 

Мэдээллийн дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа сэтгүүлчдийн асуултанд хариуллаа. 

-Энэ чуулганы хугацаанд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж амжих уу? 

-МАН-ын бүлгийн гишүүдийн олонхи нь энэ удаагийн чуулганаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг эцэслэн шийдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Ингэхийн тулд төслийн хүрээнд явж байгаа өөрчлөлтүүдийг МАН-ын бүлэгт өнөөдөр, АН-ын бүлэгт ойрын хугацаанд танилцуулна. Улс төрийн бусад намууд, холбогдох байгууллагуудтай дахин нягталж байгаад эцсийн хувилбараар тохиролцвол энэ ондоо багтааж нэг тийш нь шийдэх ёстой гэдэгт бүлгийн олонхи гишүүд санал нэгдлээ.

-Үндсэн хуульд яг ямар хувилбарын хүрээнд өөрчлөлт оруулахаар ярилцсан бэ?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулсан судалгаа, тооцоо, хэлэлцүүлгийн хүрээнд гол өөрчлөлт чиглэнэ. Одоогийн байдлаар нийт дүнгээрээ 300 гаруй мянган иргэдээс санал авсан. Энэ саналуудаас томъёолол гаргасан. Гэхдээ энэ бол эцсийн хувилбар биш. Өнөөдрийн хувьд танилцуулах түвшинд асуудлыг ярилцлаа. Цаашид салбар, салбарын төлөөллөөс саналыг нь авч нухацтай хандах ёстой.

-Гол өөрчлөлтүүдэд гишүүдийн байр суурь нэгдэж байгаа юу? 

-Бүлгийн гишүүд олон ургальч үзлээр хандаж байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын тулд засаглалын хэлбэрээ тодорхой болгох хэрэгтэй. Ерөнхийлөгч, парламент, гүйцэтгэх засаглалтай байх эсэхээ шийдэж нэг талд нь гаргах ёстой гэж ярих нэг хэсэг байна. Нөгөө хэсэг нь Ерөнхийлөгчийг шууд ард нийтээс эсвэл парламентаас сонгодог болгож, энэ тогтолцоогоо төгс болгох тухай ярьж байна. Гүйцэтгэх засаглалыг нэмэгдүүлж, парламентын эрх мэдлийг хумих чиглэлд явуулах санал ч байгаа. Яг өнөөдрийн байдлаар МАН-ын бүлэг гараа өргөж эцсийн шийдвэр гаргаагүй. Улс төрийн том шийдэл учраас сайтар ярилцана. 

-Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсэг ямар нэгэн мэдээлэл өгсөн үү? 

-Одоогоор өгөөгүй байна. Оюутолгойн гэрээ байгуулагдсанаар бидний өнөөдрийн зовлон бий болчихоод байгаа юм биш. Бидний зовлон улс төр, эдийн засгийн буруу бодлогын нөлөөгөөр савлаж байна. Энэ гэрээ байгуулагдснаар Монголын эдийн засаг 2-3 дахин өссөн. Оюутолгойн гэрээг хүн бүхэн шүүмжилдэг болжээ. Хуулийн байгууллагад шалгагдаж байгаа хүмүүс рүүгээ үгийн муугаар дайрч болохгүй. Монгол Улс хууль цаазтай орон.

Ямар нэгэн хэрэг төвөгтэй холбогдсон хүнийг хуулийн дагуу үнэн зөв шалгаж мэдээллийг өгдөг тогтолцоогоороо явах ёстой. Хэрвээ хийсэн гэм буруу байхгүй бол хилс гүтгэлэг, буруу ташаа мэдээлэл байсныг олон түмэнд мэдэгдэж нэр төрийг нь сэргээх ёстой. 
Монголын эдийн засгийг урагш нь чирж байгаа улсын үйлдвэр, дотоодын томоохон компаниудад хандсан дайралт эрс нэмэгдэж байна. Баялаг бүтээгч, компаниудаа элдвээр хэлж ажлыг нь зогсоочихоод хөгжих тухай яриад хэрэггүй.

Засгийн газар, төр маш тодорхой хариулт өгч явах учиртай. Энэ хэвээрээ байвал цаашдаа аливааг хийж нийгмийг хөгжүүлэх хүсэлт тэмүүлэлтэй хүн өдрөөс өдөрт ховордох болно шүү. Монголын цөөн хэдэн компани хэчнээн мянган хүнийг ажлын байртай болгож, татвар төлж, нийгмийн хариуцлагын хүрээнд юу хийж байгааг нь иргэдэд нээлттэй мэдээлэх ёстой гэдгийг өмнөх болон одоогийн Засгийн газар ч хэлж байгаа. Монголын хэдэн мянган хүнийг ажлын байртай болгож, татварын 70-80 хувийг дангаараа төлж байгаа компаниуд руу дайрч байгаад би эмзэглэж байна. 

 

Эх сурвалж: УИХ дахь МАН-ын бүлэг