Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

Италийн шүүх Сицилийн мафитай нууцаар тохиролцож байсан төрийн албан хаагчдыг шийтгэлээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 4 сарын 21
iKon.MN
Зураг зураг

1990-ээд оны үед мафитай нууцаар хэлэлцээр хийж байсан төрийн өндөр албан хаагч асан хүмүүсийг Италийн шүүх Баасан гарагт шийтгэлээ.

Палермо хотын гадна орших бункер хэлбэрийн өндөр хамгаалалттай шүүхийн танхимд уг хурал болж, шүүгч Алфредо Монталто төрийн ашиг сонирхлын эсрэг ажилласан хэргээр буруутнуудыг ялласан юм.

20 гаруй жилийн өмнө мафийнхны үйлдсэн өргөн хүрээний аллагын улмаас 23 хүн амиа алдсаны дотор мафитай тэмцэгч нэртэй хуульчид болох Жиованни Фалконе, Пауло Борселлино нар алагдаж байжээ.

Уг хэргийг таван жилийн өмнө анх сөхөж, өнөөдөр шийдвэр нь гарч байгаа юм. Хэргийг шалгаж байгаа прокуроруудад Коза Ностра бүлгээс байнга заналхийлж байсан тул хамгаалалтад аваад байгаа.

Олон аллагын дараа тухайн үед Сицилийн мафийг тэргүүлж байсан Корлеоны гэр бүлтэй төрийн албан хаагчид нууцаар хэлэлцээр хийхэд хүрч байжээ. Уг хэлэлцээр нь төрийн бодлогын эсрэг үйлдэл болж, мафийнхны халдлагыг улам эрчимжүүлсэн гэж шүүх дүгнэсэн байна.

Ерөнхий сайд асан Сильвио Берлусконигийн холбоотон, сенатор асан Марчелло Деллутри аллагыг зогсоохын тулд мафитай хийх хэлэлцээрийг зуучилж байжээ.

Деллутри болон цагдаагийн хоёр генерал, нэг хурандаа төрийн эсрэг ажилласан хэргээр тус бүр 12 жилийн хорих ял сонссон байна.

Мөн өчигдөр Корлеоны бүлгийн алуурчин Леолука Багареллад 28 жил, Антонио Чинад 12 жилийн хорих ял оноожээ.

Тухайн үед Корлеоны гэр бүлийн босс байсан Салватор Риина, Бернардо Провензано нар нас барсан юм.

1992 онд нэртэй хуульч Фалконе, эхнэр, гурван бие хамгаалагчийн хамт машинд тавьсан бөмбөгөнд амиа алдсаны дараа нууц хэлэлцээр эхэлж байжээ.

Гэвч эрх баригчдын энэ алхам мафийнхныг зоригжуулж, хоёр сарын дараа өөр нэг хуульч Борселлино тэдний гарт алагдсан байна.

Улмаар мафийнхан ажиллагаагаа өргөжүүлж, Сицилиэр зогсолгүй Италийн эх газар дахь соёл, шашны байгууламжууд руу довтолж эхэлсэн ажээ.

Үүний улмаас Милан, Флоренцид 10 хүн алагдсан байна. Энэхүү цуврал аллагыг 1993 онд зогсоож байжээ.

Италийн орчин үеийн түүхэнд хамгийн хараар бичигддэг хэргийг олон жилийн дараа сөхөж, шударга ёсыг тогтоосон нь түүхэн үйл явдалд тооцогдож байна.

 

Эх сурвалж: Reuters