Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

WP: Ким Жон Ун Улаанбаатарт ирэхийн тулд төмөр замаар урт удаан аялна

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 4 сарын 21
iKon.MN

АНУ-ын томоохон хэвлэл Вашингтон Пост сонины өчигдрийн дугаарт “Монголчууд яагаад Трамп-Кимийн уулзалтыг зохион байгуулахыг хүсэж байна вэ?” гэсэн гарчигтай өгүүлэл нийтлэгджээ.

Тус нийтлэлд бусад хэвлэлүүдийн бичиж байгаа санааг давтан, Улаанбаатар бол уг түүхэн уулзалтыг зохион байгуулахад тохиромжтой газар болохыг олон баримтаар тайлбарласан байна.

Үүнд төвийг сахисан бодлого, Хойд Солонгос, Өмнөд Солонгос, АНУ-тай ижил найрсаг харилцаатай, газарзүйн байрлалын хувьд Хойд Солонгост ойр, удирдагч нар нь сонирхлоо илэрхийлээд байгаа зэргийг дурджээ.

Харин бусад хэвлэлүүдэд дурдаагүй нэг санаа нь Ким Жон Уны төмөр замаар Улаанбаатарт хүрэх боломжийн тухай байв.

 

Хойд Солонгосын удирдагч төмөр замаар ирэхэд тулгарч болох нэг бэрхшээл нь цаг хугацааны асуудал гэжээ. Тухайлбал саяхан гуравдугаар Кимийн хуягт галт тэрэг Пёньянаас Бээжинд хүрэхдээ 25 цаг зарцуулсан байна.

Уг тусгай галт тэрэг хүнд төмөр хуягтай тул цагт 40 км-ээс илүү хурдалж чаддагүй гэдэг. Эндээс улбаалаад Бээжингээс Улаанбаатар хүрэх аялал нь 30 цаг орчим үргэлжилнэ гэж тооцоолжээ.

Үүнээс гадна Хятад-Монголын хил дээр галт тэрэгний дугуйг өргөн царигт тааруулан солиход дахин хэдэн цагийн хугацаа шаардана.

Хэрвээ Ким Жон Ун Оросоор дамжиж Улаанбаатарт хүрэх зам сонгосон ч адилхан өргөн царигт зориулж дугуйгаа солих хэрэгтэй болох гэнэ.

Тиймээс Хойд Солонгосын удирдагчийн аялал “маш удаан, ядаргаатай” болно гэж судлаачийн тайлбар дээр үндэслэн бичжээ.

Гэхдээ л Улаанбаатарт зохион байгуулах нь хамгийн боломжит хувилбар хэвээр байгааг эцэст нь дүгнэсэн байна.

 

Эх сурвалж: Washington Post