Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Ун дахин цөмийн зэвсэг, алсын тусгалын пуужин туршихгүй гэдгээ зарлалаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 4 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун дахин бүх төрлийн цөмийн зэвсэг, алсын тусгалын пуужин туршихгүй, цөмийн туршилтын гол талбайгаа хаах болсноо өнөөдөр өглөө зарлалаа.

Тус улсын мэдээллийн төв агентлаг “Дөрөвдүгээр сарын 21-нээс эхлэн Хойд Солонгос цөмийн зэвсэг болон тив алгасах баллистик пуужингийн туршилтыг зогсоож байна. Мөн энэ амлалтаа батлахын тулд улсынхаа хойд хэсэгт байрладаг цөмийн туршилтын талбайг хаах болно” гэж мэдэгджээ.

Уг шийдвэрийг Баасан гарагт болсон Солонгосын Хөдөлмөрчний Намын төв зөвлөлийн хурлаас гаргасныг бас мэдээлсэн байна.

Хойд Солонгос нь 2006 оноос хойш нийт зургаан удаагийн цөмийн туршилтыг тус улсын зүүн хойд хэсгийн Пунгири дэх талбайд гүйцэтгэж байв.

Өнгөрсөн онд Пёньян зургаа дахь удаагаа хамгийн хүчтэй цөмийн зэвсгийг туршиж, нийтдээ 20 гаруй пуужингийн туршилт зохион байгуулсан юм.

Арваннэгдүгээр сард алсын тусгалын пуужин туршсаныхаа дараа Хойд Солонгос “цөмийн зэвсэгтэй улс болох зорилтоо биелүүллээ” хэмээн зарлаж байжээ.

Ким Жон Ун ирэх Баасан гарагт Өмнөд Солонгосын ерөнхийлөгчтэй хилийн Панмунжом хотхонд уулзах юм. Энэ нь Хойд Солонгосын удирдагчдаас анх удаа Өмнөдийн газар нутагт хөл тавьсан тохиолдол болох ажээ.

 

Эх сурвалж: Japan Times