Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадад нэг ферм жилд 6 тэрбум жоом үржүүлдэг

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Жоомонд дуртай хүн ховор. Тэгвэл Хятадын нэгэн ферм жил бүр 6 тэрбум жоом өсгөн үржүүлж, эмийн үйлдвэрлэгчдэд нийлүүлдэг байна.

Энэ нь хүн төрөлхтний түүхэнд анх удаа шавьжийг дотоод орчинд ийм олноор үржүүлсэн тохиолдол ажээ.

Баруун өмнөд Хятадын Шичань хотын Gooddoctor эм үйлдвэрлэлийн компани уг фермийг ажиллуулдаг ба спортын хоёр том талбайтай тэнцүү хэмжээ бүхий бүрэн бетон барилга дотор тусгай орчинд үржүүлдэг байна. Мөн хиймэл оюунаар тоноглосон систем харанхуй, чийглэг орчинд жоом бүрийн өсөлтийг хянаж байдаг ажээ.

Жоомны нунтагийг Хятадын уламжлалт эмнэлэгт ашигладаг бол гоо сайхны бараа үйлдвэрлэгчдэд уурагны хямд эх үүсвэр болдог гэнэ. 2013 онд Хятад даяар 100 том жоомны ферм ажиллаж, хагас килограм жоомыг $20-оор борлуулж байгааг хэвлэлүүд мэдээлж байжээ.

Шичань хотын ферм тэдгээрийн дотор хамгийн том нь юм байна. Жоомоор үйлдвэрлэсэн 100 мл савтай эм нь $4 орчим үнээр зарагддаг гэнэ.

Хэрвээ хүний алдаанаас болж энэ олон жоом байрнаасаа гарвал Шичань болон түүний ойролцоо амьдардаг 800,000 орчим хүнд том гамшиг тохиолдох тул өндөр хамгаалалттай байдаг ажээ.

2013 онд хэн нэгэн санаатайгаар нэг сая орчим жоомыг гадагш гаргахад эрх баригчид онц байдал зарлаж, өргөн хүрээнд ариутгал хийж байсан гэдэг.

 

Эх сурвалж: South China Morning Post