Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

Африкийн хүний махан идэштэн АНУ-д нуугдан амьдарч байгаад баригджээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Баруун Африкийн Либери улсын цэргийн эрхтэн асан этгээдэд өчигдөр АНУ-ын шүүхээс 30 жилийн хорих ял оноожээ.

“Ширэнгийн Жаббах” гэгч хочтой, одоо 51 настай Мохаммед Жабатех нь 1989-2003 оны Либерийн иргэний дайны үеэр “Либерийн Ардчилсан Чөлөөлөх Хөдөлгөөн” нэртэй зэвсэгт бүлгийг удирдаж, олон тооны аллага, хүчирхийлэл, каннибализм үйлдэж байсан юм.

Түүнийг АНУ-ын Филаделфийн Делавар тойрогт олны нүднээс далд, нам гүм амьдарч байхад нь 2016 оны гуравдугаар сард илрүүлж, баривчилсан байна.

Энэ удаа Жабатехыг үйлдсэн харгислалынх нь төлөө биш, 1998 онд АНУ-д байнга оршин суух эрх авахын тулд цагаачлалын баримт бичиг хуурамчаар үйлдэж, худал мэдүүлэг өгсөн хэргээр яллажээ.

Гэхдээ шүүх хуралд Либерийн иргэн 17 хүнийг гэрчээр оролцуулж, Жабатехийн үйлдсэн харгислалын талаар мэдүүлэг авсан байна. Тухайлбал тэдний нэг нь Жабатехийг нэгэн тосгоны ахлагчийг алаад зүрхийг нь ахлагчийн эхнэрт өгч өөртөө болон өөрийн хүмүүстээ зориулж хоол хийлгүүлж байсан тухай аймшигт түүхийг гэрчилжээ.

АНУ-ын шүүхийн яллагч Уилльям Максвайн дүгнэлтдээ “Энэ хүний үйлдсэн хүчирхийлэл, нүгэл нь санаанд багтамгүй аймшигтай. Либерийн ард иргэдийн хэдэн үед нөлөөлсөн харгислалд тэр буруутай. Тэр энд нуугдаж чадна гэж бодож байсан ч манай мөрдөгчид, прокуроруудын хичээл зүтгэлээр баривчлагдсан юм” гэж бичсэн байна.

Жабатех нь АНУ-д олон улсын ачаа тээврийн бизнес эрхэлж, 13 хүүхдийн эцэг болоод байжээ. Тэдний хүүхдүүд Америк болон Либерид амьдардаг аж.

Шүүх хурлын турш тэр юу ч яриагүй ба хамгийн сүүлд шүүгчид хандаж үг хэлэх болоход “Эрхмээ, Надад хэлэх үг алга” гэж хэлсэн байна.

Одоо түүнийг 250,000 хүний аминд хүрсэн иргэний дайны гэмт хэргээр Либерийн шүүх шийтгэх ёстой гэнэ. Гэвч өнгөрсөн иргэний дайн нь Либерид хамгийн эмзэг сэдэв байдаг тул эрх баригчид цуут алуурчныг зохих ёсоор шүүж чадах эсэх нь эргэлзээтэй байгаа ажээ.

 

Эх сурвалж: Associated Press