Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

Ус бохирдуулсны төлбөрийг 50-60 хувь бууруулах хуулийн төслөө татаж авахыг шаардав

М.Сувданзаяа, Үндэсний шуудан
2018 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Төлсөн Авснаа Нийтэл Эвсэл”-ийн 34 гишүүн байгууллагаас ус бохирдуулсны төлбөрийг 60  хувь хүртэл бууруулах тухай хуулийн төсөл УИХ-д өргөн барихыг эсэргүүцэж, шаардлага хүргүүлж буйгаа өнөөдөр мэдэгдлээ.

УИХ “Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль”-ийг 2012 онд баталсан ч Засгийн газар дагалдан гарах журмыг батлаагүйгээс зургаан жил уг хуулийг хэрэгжүүлээгүй байна. Өнгөрсөн хугацаанд ус бохирдуулагчид нэг ч төгрөгийн төлбөр төлөлгүй, ямар ч хариуцлага хүлээгээгүй гэлээ.

“ТАН Эвсэл”-ийн гишүүн “Хөвсгөл далай ээж” ТББ-ын тэргүүн Б.Баярмаа “Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль”-д өөрчлөлт оруулаад, ус бохирдуулсны төлбөрийг 50-60 хувь болгож өөрчилж байгааг бид эсэргүүцэж, энэхүү хурлыг зохион байгуулж байгаа. Засгийн газар болон Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл, УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүлж байгаа юм. 

Журмыг батлахгүй байсан үндэслэлээ “Бизнест татварын дарамт учруулах гээд байна” гэж тайлбарлаж байсан. Хуулиа хэрэгжүүлээгүй байж, нэмэлт өөрчлөлт оруулаад төлбөрийг багасгах гэж байгааг ойлгохгүй байна. 

Ус бохирдлын төлбөрийг зохистой тогтоож байж, бохирдол гаргаж буй байгууллага бохирдлоо бууруулдаг, хянадаг зүй тогтолтой болдог.

Монгол Улсын усны бохирдол гамшгийн түвшинд хүрсэн гэдгийг ҮАБЗ хүлээн зөвшөөрөөд “Хүлээх хариуцлагыг чангатгаж, төрийн байгууллагуудын гүйцэтгэх үүргийг тодорхой болгож, эрх зүйн орчныг бүрдүүл” гэж Засгийн газарт зөвлөмж өгсөн байдаг.

НҮБ-ын хүний эрхийн тусгай илтгэгч Жон Нокс 2017 онд манай улсад ажиллаад “Усны бохирдол нэмэгдэж бйагаа нь иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг анхааруулж, баталсан хууль тогтоомжоо чанд мөрдөх”-ийг зөвлөсөн байна" гэв.

“ТАН Эвсэл”-ийн гишүүн “Ангир нүдэн Мөндөөхэй” ТББ-ын тэргүүн Я.Цэрэнханд "Уул уурхай, арьс ширний үйлдвэрлэлийн салбар усыг хамгийн их бохирдуулж байгаа. Өнгөрсөн зургаан жил ямар ч компани ус бохирдуулны төлбөр гэж нэг ч төгрөг төсөвт төлөөгүй. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлээгүйн улмаас улсын төсөвт 54 тэрбум төрөг төвлөрүүлж чадаагүйн хариуцлагыг бид нэхэж байна. 

Төлбөрийг багасгахын оронд бохирдуулсан усаа цэвэршүүлэх юм бол нөхөн төлбөрөөс чөлөөлдөг байх хөшүүрэг бий болгох хэрэгтэй. Маш сайн бодож хуулийн төлсөө өргөн барих нь зүйтэй".

“ТАН Эвсэл”-ийн гишүүн “ИХ бага баян шарга” ТББ-ын тэргүүн Л.Бор "Монгол орон усны бохирдолтой 20 орны нэг. 500 гаруй алтны уурхай үйл ажиллагаа явуулж байна. Уул уурхайн компаниуд хамгийн ихээр ус бохирдуулж байна. 2017 оны тооллогоор 100 гаруй гол горхи ширгэж, бохирдсон гэдэг судалгаа бий. Дээдлэх ёстой усаа бохирдуулж байгаа нь гэмт хэрэг' гэв.

“ТАН Эвсэл”-ийн гишүүн “Бугат Заамар Бургаст Туул” ТББ-ын Гүйцэтгэх захирал З.Мөнхбат "Уул уурахйд хамгийн их нөлөөлөлд автаж байгаа сум бол Заамар. Одоо үнэхээр аймшигтай дүр зурагтай болсон. Голын голдрилыг өөрчилснөөр голын урсацын хурд өөрчлөгдөж, гол тасардаг аюултай. Ингэж тасарсан гол мууддаг юм байна. Ингэснээр хүн малын эрүүл мэндэд хүртэл сөргөөр нөлөөлж байна. Заамарт ам болгоноос булаг шанд урсдаг байсан бол одоо байхгүй. Ийм аймшигтай болгосон хүмүүсээс гуравхан сая төгрөг авах нь үнэхээр харамсалтай".

“ТАН Эвсэл”-ийн гишүүн “Миний Монголын газар шороо” ТББ-ын тэргүүн О.Отгонсайхан  "Хуулийнхаа сайн мууг үзээгүй, хуулийнхаа үр дүнг хараагүй, амьдрал дээр болох болохгүйг нь мэдэхгүй байж ус бохирдуулдаг нөхдүүдийн лобби бүлгээр усны төлбөрийг багасгаж байгааг эсэргүүцэж байна. Усны төлбөрийг багасгаж усаа хайрлана гэж байхгүй. Төлбөр өндөр байх тусам усаа ариг гамтай хэрэглэнэ" гэв.

Тэдний шаардлагад: 

  1. УИХ-ын гишүүн та бүхэн чуулганаар хэлэлцэж буй “Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль”-ийн төслийн эцсийн хэлэлцүүлэгт дэмжсэн санал өгөхгүй байх,
  2. Ерөнхий сайд У.Хүрэлсүх танд 2012 онд батлагдсан буй “Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль”-ийг эргэж буцалтгүй хэрэгжүүлж, ус бохирдуулсны төлбөрийг 50-60 хувь бууруулах хуулийн төслөө УИХ-аас татаж авах,
  3. ҮАБЗ-ийн тэргүүн Х.Баттулга та “Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах хууль тогтоомжийг хэрэгжүүлэх тухай зөвлөмж”-ийг хэрэгжүүлэхийг ЗГ-т шаардах, УИХ-аар ус бохирдуулсны төлбөрийн хэмжээг бууруулсан хууль батлагдсан тохиолдолд өөрийн бүрэн эрхийн хүрээнд хэсэгчлэн хориг тавихыг шаардаж байна гэжээ.