Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Дамдинням: Том төслөөс хүний нөөц, мэдлэг, ур чадвартай холбоотой үлдээж байгаа баялгийг тооцох ёстой

ikon.mn
2018 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Уул уурхайн бодлого судлаач Г.Дамдиннямтай томоохон төслүүдийн талаар ярилцлаа. 

-Сүүлийн үед хүмүүсийн ярьж сонирхож байгаа асуудлаар ярилцья гэж таныг урилаа. ОТ төслийг бид яаж ойлгох ёстой юм бэ?

-Саяхан бас ярьсан, энэ тухай. ОТ төслийн хүрээнд дэлхийн хэмжээний гүний уурхайн хөгжүүлэлтийн төсөл явж байгаа. ICMM гэж олон улсын байгууллага бий. Дэлхийн уул уурхайн хамгийн том 30 орчим компани нийлээд энэ байгууллагыг байгуулсан. Энэ байгууллагын аль нэг гишүүн компани аль нэг оронд төсөл хэрэгжүүлж байна гэдэг бол тухайн улс хөрөнгө оруулахад таатай газар болсон байна, ажиллаж болохоор болсон байна, энэ рүү дагаад орохоор хууль эрхзүйн орчин нь тогтвортой болсон байна гэдэг сигналыг дэлхий дахинд өгдөг юм.

Рио Тинто бол Монголд байгаа ICMM-ийн ганц л гишүүн байхгүй юу. Мэдээж байгалийн баялагтай улс орнууд хөрөнгө оруулалт татах өөрийн гэсэн шаардлага, дүрэм журам, хэмжигдэхүүнтэй байдаг. Түүнтэй адил хөрөнгө оруулагчдыг хардаг хамгийн том үзүүлэлт бол энэ юм байгаа. Улс орнууд ICMM-ын хэдэн гишүүнийг оруулж ирснээрээ уралддаг, бахархдаг тийм л үзүүлэлт шүү дээ. ОТ шиг том төслийн хувьд жигдрээд үр өгөөжөө өгөөд явтлаа 20 жил явдаг. Энэ бол дэлхийд судлагдаад гараад ирсэн туршлага. Одоо бол бид дөхөж яваа л гэж бодож байна.

-Тэр үед манай эдийн засаг тийм ч том байгаагүй шүү дээ. Энэ хөрөнгө оруулалтыг авчирснаараа ямар болсон бэ гэдгийг та өөрийнхөөрөө харьцуулж дүгнээч?

-Ер нь уул уурхайн төсөл асар их хэмжээний мөнгөний эргэлтийг үер мэт оруулж ирдэг. Би энэ салбарт судалгаа хийдэг мэргэжилтний хувьд хоёр асуудал байна гэж хараад байгаа юм. Баялгийн засаглалтай холбоотой. Уул уурхайн төслүүд мөнгийг олдог. Уул уурхай тойрсон зөндөө асуудал байдаг мэт боловч тэдгээр асуудал нь явж явж мөнгөний асуудал л болж хувирдаг. Нэгдүгээрт энэ мөнгийг олдог хэсгийн асуудал, хоёрдугаарт энэ мөнгийг зарах тухай асуудал. Хүмүүс илүү рүү тэмүүлдэг, үүнийг буруутгах аргагүй боловч өнгөрснөөсөө суралцаад явж байх ёстой юм. Бид 2009 он буюу 2 тэрбум доллартай байх үеийн эдийн засагтай байх үеэсээ өөр юм ярьж байгаа. Буруу юм байхгүй л дээ. Энэ бол бидний туулах ёстой зам. Дэлхийн бусад орнууд ийм цаг үеийг туулсан байдаг. Тэгээд эцэстээ юу болж хувирдаг вэ гэхээр нэг бол хөгжил дэвшлийг өөртөө авч үлддэг, нөгөө бол сүйрэл дээр очоод дуусна. Хамгийн ойрын жишээ Венесуэл байна даа.

Бид энэ төслийн үр дүнг яаж харах ёстой юм бэ гэж. Оруулж байгаа мөнгөний хэмжээ, түүнийг нь хэрхэн зарж байгаа тухай асуудлыг фокуслаж харуулах ёстой. Тэгэж байж бид бодитоор орж байгаа үр ашгийг мэдэх боломжтой болно. Энэ утгаараа ОТ бол үр өгөөжтэй.

Уул уурхайн аливаа төсөл, хөрөнгө оруулалтыг үнэлэхэд бас нэг чухал зүйл байдаг нь мөнгөн үр дүн гэхээсээ илүүтэй хүний нөөцийг чадавхижуулах, ноу хау авах, олон улсын түвшинд гарах чадвартай болох гээд дагасан асар олон баялаг бий болгодог. Уул уурхайд үүнийг хамтын баялаг бүтээх гэж нэрлэдэг. Мөнгө бүтээхээс илүүтэй тухайн төсөл хэрэгжиж байгаа улсаа чадваржуулж байгаа байхгүй юу. Өнөөдөр ОТ төсөл дээр ажиллаж байгаа дурын хүн дээр очоод асуугаад үзээрэй. Цалин тэдэн төгрөг авч байна гэхээсээ илүүтэй маш их юм сурсан, маш их чадваржиж байгаа, дэлхийн түвшинд бэлтгэгдэж байгаадаа баяртай байна гэсэн үгийг хэлнэ. Дэлхийн хаа ч тийм байдаг. Уул уурхай дагасан үйлчилгээний буюу сервис индастри гэж ярьдаг эдийн засгийн чиглэл байдаг тэр нь тэлж хөгжиж байдаг. Гэтэл бид дан ганц мөнгөн урсгал яриад байдаг. Мэдлэг боловсрол, дэлхийн түвшинд өрсөлдөх чадварыг тэд дагуулж орж ирээд, нутагшуулж байгаа нь бидний олж байгаа хамгийн том баялаг юм. Энийг баялгийн засаглал гэж нэрлэнэ.

-Та баялгийн засаглалыг судалдаг хүн. Рио Тинто компанийн засаглалыг монголчууддаа ойлгуулж өгөөч? Улс орны удирдагчдийг хахуульдаад явдаг компани уу?

-Миний түрүүний дурдсан ICMM гэж байгууллагын гишүүд асар өндөр стандарттай байдаг. Рио Тинто-той холбоотой элдэв асуудал хүмүүс ярьдаг. Бусад гишүүд энд тэндгүй асуудал гараа л байна гэж бас хааяа сонсогддог. Гэхдээ нэг зүйл их тодорхой байдаг. Бид Рио Тинтотой холбоотой авилгын асуудал дээр  гэрч нь болоод туулаад явж байгаа нь суралцах ёстой кэйс болж байна. Тэр дээд лигт орж чадсан компаниудын хамгийн том давуу тал бол авилгын асуудал гарсан бол хариуцлага тооцож чаддаг, нөхөн төлбөрийг олон улсын жишгээр төлж чаддаг. Ямар нэг Оюу толгойтой холбоотой асуудлаар алдаа гарсан байлаа гэхэд бид нөхөн төлбөрөө авах боломжтой, сэтгэл хангалуун үлдэх боломжтой. Ийм л нөхцөл байдал байгаа.

-Хөрөнгө оруулалтын талаар хүмүүс төдийлөн сайн мэдээлэлгүй байх шиг байдаг. Баялгийн эзэд учраас илүү авах ёстой гэсэн нэг талын ойлголтой байдаг. Та ийм ойлголттой хүмүүст хандаж юу хэлэв вэ?

-Хүний нөөц, мэдлэг чадвар, оюун ухаан, ур чадвартай холбоотой баялаг чинь бас л баялаг. Шууд татвар хураамжаар өгч байгаа мөнгө бол бас л баялаг. Тэр компанийн худалдан авалт хийж байгаа, хэн нэг нь хувцсыг нь оёх хэрэгтэй, хэн нэг нь хоолыг нь хийгээд хүргэж өгөх ёстой, тэр бүхнээ монголоос авах ёстой, тэр нь өөрөө бас баялаг л байхгүй юу. Яг байгалийн баялгийн тухайд аваад үзэх юм бол, газар доор байгааг нь нөөц гэж хэлдэг юм. Хэр хэмжээний нөөцийг, ямар зардлаар ухаж гаргаад, хэдээр зараад, цаана нь ямар хэмжээний ашигтай үлдэх вэ гэдэг энэ бол тэр чигтээ бизнесийн үйл ажиллагаа болж хувирч байгаа. ОТ төслийн ерөнхий мөнгөн дүн нь өнөөдөр 11 тэрбум доллар болж байх шиг байна. Энэ мөнгийг нь зүгээр аваад , хөгжүүлж чадах боломж бидэнд байгаа юу? 1300 метрийн гүнээс өдөрт 100 мянган тонн хүдэр олборлоод дээш нь гаргаж ирээд, баяжуулаад зарах компани дэлхий дээр тийм олон байхгүй. Энэ бол хүрз бариад дайрч ороод хийчихдэг ажил биш. Жорлонгоо ухаж байгаад шороондоо даруулаад үхчихдэг тохиолдол бий шүү дээ.Тэгэхээр баялгийг бүтээхийн тулд хөрөнгө оруулдаг юм. Өөр арга байхгүй. “Мөлжье гэвэл мөлжүүл” гэж алдарт концепц бий. Тэгэхээр бид хамтдаа л хийхээс өөр арга байхгүй. Дангаараа биднийх  гэвэл энэ хэзээ ч хөдлөхгүй, газар дорхи нөөц хэвээрээ л үлдэнэ. Харин хэр ашигтай гэрээ вэ гэдэг бол тусдаа асуудал.

-Сайн гэрээ, муу гэрээ гэдгийг юугаар яаж дүгнэдэг юм бэ?

-Роялти гэх мэт тухайн улсын төсөвт татвар хэлбэрээр шууд орж ирж байгаа орлого бий. Хоёрдугаарт хэдэн хүн ажиллуулж , цалин өгч байна вэ гэдэг асуулт. Гуравдугаарт тухайн олборлолт явагдаж байгаа газрын эргэн тойрон байх гутал хийж байгаа, хувцас оёж байгаа , хоол хийж байгаа, машин механизм нийлүүлж байгаа, өрөмдлөг хийж байгаа, тэсэлж байгаа, тээвэрлэлт хийж байгаа, баяжуулалтан дээр нь химийн бодис нийлүүлж байгаа, гараад ирсэн баяжмалыг нь шуудайлах шуудай хийж байгаа, ачаад аваад явдаг тээвэрлэлт хийж байгаа, урагш очоод хайлуулах үйлдвэрт тушааж байгаа гээд энэ бүх процессыг ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээ гэж байгаа юм. Энэ бүх үйл ажиллагаанд нь монголчууд оролцож байгаа. Тухайн төсөл оршиж байгаа газрын иргэд энэ бүхэнд оролцоод, давхар тэд бас татвараа төлөөд явдаг. Энэ тоо харагдах байхгүй юу. Дээрээс нь нэмэх нь нөгөөх ур чадварын асуудал. Бидний жишээ авах дуртай Чили гээд орон бий.

Чили улс 2006-2010 оны хооронд 6 мянган хүнийг ханган нийлүүлэгчээр бэлтгэсэн байдаг. Мөн  орон нутгийн компаниудыг тусгай хөтөлбөрөөр бэлдээд, 2020 он гэхэд дэлхийн хэмжээний уул уурхайд ханган нийлүүлэлт хийх чадвартай 250 компани үлдээхээр болж байна. Манай бодлого уг нь энэ чиглэл рүүгээ явах ёстой юм байна. Ингэх юм бол манай ОТ төсөл дуусахад залуучууд ур чадвараа дээшлүүлчихсэн, бусдаас суралцчихсан дэлхийн бусад оронд очоод хэлэлцээ хийх, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлээд явах чадвартай болж үлдэх ёстой юм. Энийг бас хоёрдох баялаг гэж хүлээж авах ёстой юм байгаа юм. Шууд бус гэж сонин томьёллоор хэлээд байгаа боловч шууд үлдээж байгаа баялаг мөн шүү дээ.

-Хөрөнгө оруулагчид ер нь бид яаж хандах ёстой юм бэ. Бусад орнууд яаж ханддаг бол?

-Дээрэлхүү хөрөнгө оруулагчийг хөөгөөд явуулах нь зөв. Яагаад бид дагалдах ёстой юм. Харин ашгаа хуваалцаж чаддаг, олон улсын стандартын дагуу бидэнтэй харьцдаг тийм хүмүүстэй бол ажиллах ёстой. Тэрнээс биш хөрөнгө оруулагч гээд толгой дээрээ залаад байх тухай асуудал бол биш

-Та Рио Тинтог ямар хөрөнгө оруулагч гэж харж байна?

-Уул уурхайн төслүүдээрээ дэлхийд дээрээсээ 2-т орж байгаа л том компани шүү дээ. Би бол энд Рио Тинтог магтах муулах сонирхол алга. Дэлхийн хэмжээний л хөрөнгө оруулагч, төсөл хөгжүүлэгч. ICMM-ийн нэг ч гэсэн гишүүн орж ирсэнд баяртай байгаа. Дараа дараад нь олон компани орж ирээсэй гэж хүсч байна. тэдний орж ирэх нь Рио Тинтотой хэрхэн хамтран ажиллаж, хэрхэн дундаасаа энэ төслөө босгох вэ гэдгээс хамаарна.

-Хоёр ерөнхий сайдаа энэ төсөлтэй холбогдуулаад барьж хорьлоо. Энэ нь хөрөнгө оруулагчдад ямраар нөлөөлөх бол?

-Буруу юм хийсэн бол, ямар нэг байдлаар хардлага сэрдлэгт өртөж байгаа бол шалгагдах нь байх л ёстой асуудал. Тухайн компани буруу юм хийсэн бол торгуулиа төлөөд явах ёстой. Бүр буруу байвал болих, зогсоход болохгүй гэх юм байхгүй. Гэвч өнөөдөр бол эрт байна. Энэ гайхаад цочоод байх зүйл биш. Мэдээж манай түүхэнд анхны гэдгээрээ асуудал л даа. Гэхдээ энэ хүмүүс шалгуулаад зөв буруугаа харуулаад гараад ирвэл сайн. Нэг зүйл маш тодорхой байдаг. Одоо энэ ОТ төсөлтэй холбоотой харагдаж байна. Юу гэхээр, ямар нэг байдлаар энд нэг шүүхтэй холбоотой маргаан үүсээд явахаар хувьцааных нь үнэ унаж байгаа биз? Энэ бол тухайн компанид маш том шийтгэл. Хууль хяналтын байгууллага ажлаа хийгээд буруугуй байна аа гээд гараад ирвэл хувьцаа нь эсрэгээрээ маш сайн өснө. Нэг юм хэлэхэд, нээлттэй хувьцаат компанийн хувьцааг харж сурах, түүний тайлангуудыг унших, гэрээ хэлэлцээрүүдийг нь уншаад анализ хийх, дүгнэлтээ гаргах тийм залуучуудыг бэлдэх ёстой. Байгаа бол тэр хүмүүсээ энэ ажлын хэсэг рүү нь оруулаад ажиллуулах ёстой юм байгаа юм.

Ингэж байж бид олон улсын хөрөнгө оруулагчидтай ажиллана. Тэгэхгүй зөвхөн монголчуудын зөв байх ёстой гэдэг юм уу эсвэл тосгоноороо ярьж байгаад дэлхий хавтгай юм аа гээд шийдчихэж болохгүй л дээ. Тэгвэл ертөнцийн мухарт ганцаараа үлдэх байлгүй дээ.

-ОТ гэсэн касснаас очоод мөнгө аваагүй иргэд л уурлаад байх шиг байгаам. Надад ямар ч үр нөлөө алга гээд байдаг. Энэ хүмүүст хандаж юу гэж хэлэх вэ?

-Уул уурхайн бизнес гурван талын оролцогчтой. Энэ дээр нүсэр том судалгаанууд бий, миний судалгааны нэг хэсэг ч үүнд чиглэдэг.

Засгийн газар, компани , оролцогч тал гэж гурван тал байдаг.

Энэ дээр нийгмийн зөвшөөрөл гэж юм байхгүй болчихсон харагдаж байгаа юм. Хэрвээ тухайн компани энэ нийгмийн зөвшөөрлөө монголд авч чадаагүй бол, африкт юм уу аль нэг газар өөр улсад хөрөнгө оруулахад нь яг тэр жишээг нь бариад хөрөнгө оруулалтыг нь зогсооно, оруулахгүй. Тэгэхээр хэлэлцээрт орж байгаа мөнгөтэй, чадавхитай, хүний нөөцтэй нь компани, засгийн газар байж байдаг, харин иргэд мэдээлэлгүй байж байдаг. Иргэдэд боломж олгох ёстой юм. Тэр хүмүүсийн боловсролд анхаарах ёстой, тэдэнд өөрийгөө зөв ойлгуулах ёстой. Шинжлэх ухаанаар батлагдсан, амжилттай туршигдсан аргачлалууд бий. Уул уурхайн компани зүгээр өглөгчийн дүрд тоглодог цаг өнгөрсөн. 2000-аад онд ийм хэлбэр байхгүй болсон. Миний хувьд Рио Тинто компанийг монголын иргэдэд өөрийгөө зөв ойлгуулах тал дээр дутуу ажилладаг гэж анзаардаг. Тухайн улсад таарсан, онцлогт нь тохируулсан арга аргачлал гэж бий. өөрийгөө зөв ойлгуулах л асуудал. Манай улс бол ардчилсан улс учраас олон ургальч үзэл байна, энэ бол тухайн хүний эрхийн асуудал. Гэтэл энэ олон ургальч үзэлтэй таарч тохирч чадахгүй, өөрийгөө тойруулсан тэр хэсэгтээ л юмаа ойлгуулчихаад боллоо гээд суугаад байвал буруу. Үнэхээр үндэсний хэмжээний монгол залуусыг бэлдээд, тэр асуудал дээр ажиллуулаад явах хэрэгтэй.

Би дахиад хэлэхэд, уул уурхайн төсөл мөнгийг олдог. Зарах нь салбарын асуудал биш. Их хурлын асуудал. Орж ирсэн мөнгийг хэрхэн зарж байгаа тухай асуудал. Хэрвээ орж ирж байгаа мөнгө нь их хэрнээ юм өөрчлөгдөхгүй байгаа бол энэ нь салбарын асуудал гэхээсээ илүүтэй төрийн, тухайн засгийн, татварыг тараагчийн асуудал. Мэргэжилтнүүдийн дунд хэлц үг бий. “Уул уурхайг тойрсон асар их асуудал бий. Эцсийн дүндээ явсаар байгаад тэр нь уул уурхайн асуудал биш байдаг” гэж. Судлаад үзээрэй тийм л байгаа.

-Хот барьсангүй гэх шүүмж байгаа. Эрдэнэтийг жишээ авдаг. Энэ дээр таны байр суурь?

-Би хот барихын эсрэг байр суурьтай байдаг. Эрдэнэтийг яриад байдаг. Гэтэл тэнд амьдарч байгаа хүн нэг литр усыг хэдэн төгрөгийн зардлаар уудаг билээ? 80 км-ийн алсаас уурхайн зардлаар татаж ууж байгаа шүү дээ. Эрдэнэт үйлдвэр зогслоо гэж бодоход тэр хүмүүс ундны цэвэр усныхаа мөнгийг нэг бол улсын төсвийн татаасаар, нэг бол өөрийнхөө зардлаар төлөөд ууна. Би нэг жишээ хэлье. Канадад уул уурхайн төсөл дагаж байгуулагдсан 800 орчим хаягдсан хот тосгод бий. Дэлхий даяар хүлээн зөвшөөрдөг болчихоод байна. Өмнөговьд ундны асуудал, цөлжилт, тоосжилтын асуудал бий. Тэнд хуурайшилт тоосжилт дэлхийн дунджаас 2 дахин хурдтай явж байгаа. Энэ тогтоогдчихсон зүйл, тэрийг хүмүүс мэдэхгүй байх шиг байна. Тэр мөнгөөрөө өөр тооцоо хий л дээ. Зуны халуун наранд тэнд хүн амьдрах уу? Тэгэхээр тэр хотод амьдрах мөнгийг Улаанбаатарыг сайжруулахад зарцуулах нь бараг илүү үр дүнтэй байгаа байх.