Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

Африкийн сүүлчийн хаант улс нэрээ солилоо

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Свазиландын хаан Тайваний ерөнхийлөгчтэй хамт

Африкийн сүүлчийн хэмжээлшгүй эрхэт хаант улс Свазиландын хаан улсынхаа нэрийг сольж байгааг зарлажээ.

Британий колоничлолоос салаад 50 жил болж байгаа тус бяцхан улс нэрээ эСватинигийн Хаант улс гэж нэрлэхээр болсон байна. Энэ нь свази хэлээр “Свазигийн нутаг” гэсэн үг гэнэ. Свазиланд нь Өмнөд Африк, Мозамбик улсуудын дунд оршдог, далайд гарцгүй орон.

1.3 сая хүн амтай Свазиланд 60 орчим жилийн турш Британий колоничлолд байгаад 1968 онд тусгаар тогтнолоо олсон байна. Ихэнх колонийн орнууд сүүлд нэрээ сольсон бол Свазиланд ганцаар колоничлогчдын өгсөн нэртэй явж иржээ.

Тус улсын хаан гуравдугаар Мсвати спортын цэнгэлдэх хүрээлэнд олны өмнө үг хэлэхдээ “Африкийн орнууд бүгд колоничлолоос салсныхаа дараа эртний нэрээ сэргээсэн. Одооноос эхлэн манай орныг эСватинигийн Хаант улс (Kingdom of eSwatini) гэж нэрлэж байна” хэмээн зарласан юм.

Мсвати хаан 1986 онд 18 настайдаа хаан ширээнд заларсан. Тус улсад улс төрийн намууд сонгуульд өрсөлдөх хориотой. Зөвхөн хааны итгэмжит хүмүүс төрийн албанд сонгогддог. 

Нэрээ өөрчилснөөр тус улс үндсэн хуулиа шинэчилж, төрийн байгууллагуудын нэрийг өөрчилнө. Колоничлолоос салсны дараа Rhodesia нь Зимбабвэ, Nyasaland нь Малави, Bechuanaland нь Ботсвана болж нэрээ сольж байжээ.

 

Эх сурвалж: The Guardian