Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

Куба улс коммунизмаас хэсэгтээ татгалзахгүй нь харагдлаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Куба улсад Кастрогийн эрин өндөрлөж, шинэ ерөнхийлөгчөө сонголоо. Сүүлийн 59 жилийн туршид уг арал улсыг ах дүү Кастро нар удирдаж ирсэн юм.

86 настай Рауль Кастрог олон улсад төдийлөн танил бус 57 настай Мигуэл Диаз Канел залгамжилжээ.

Үндэсний Ассемблейн гишүүдийн санал хураалтаар тодорсон залуу ерөнхийлөгч Кубын төрийн бодлогыг ургэлжлүүлэхээ амласан байна.

Харин ерөнхийлөгчийн албан тушаалаасаа дөнгөж буусан Кастро үг хэлэхдээ АНУ болон Дональд Трамп руу довтолсон мэдэгдэл хийсэн байна.

Тэр Обамагийн үед сэргэсэн АНУ-Кубын дипломат харилцааг Трамп царцаасныг шүүмжлж, түүнийг Америкийн шинэ колоничлогчийн дүр төрхийг дахин сэргээсэн гэж буруутгажээ.

Рауль Кастро одоо Кубын Коммунист Намын ерөнхий нарийн бичгийн даргын албыг хаших юм. Коммунист нам нь Кубын хамгийн нөлөө бүхий байгууллага. Тиймээс ойрын хэдэн жилд тус арал дээр улс төрийн өөрчлөлт, шинэлчлэлт хэрэгжихгүй бололтой.

Дональд Трамп ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа Обамагийн сэргээсэн хоёр орны харилцааг царцааж, Кубын эсрэг эдийн засгийн хориг тавиад байгаа.

Кастро бас намын нарийн бичгийн даргын албыг 2021 он хүртэл хашиж, дараа нь залуу хүнд суудлаа тавьж өгөхөө мэдэгдсэн байна.

Рауль Кастро 2006 онд ах Фидель Кастрог эрүүл мэндийн шалтгаанаар ерөнхийлөгчийн суудлаас буухад нь залгамжилж байв. Фидель Кастро 2016 онд нас барсан юм.

Рауль Кастро Кубын нийгэмд зарим шинэчлэлтийг хийхдээ хувийн секторыг өргөжүүлж, иргэдэд чөлөөтэй зорчих, мэдээлэлд хандах эрх өгсөн байна.

 

Эх сурвалж: Independent