Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

СӨХ-г хариуцлагажуулна

ikon.mn
2018 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг

НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа, М.Тулгат нарын санаачилгаар “СӨХ-ний эрх зүйн байдал” хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. 

Хэлэлцүүлэгт Улаанбаатарын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй СӨХ, иргэдийн төлөөлөл болон холбогдох төрийн байгууллагууд оролцсон байна. Хэлэлцүүлгээр сууц өмчлөгчдийн холбоо болон иргэдийн өмнө тулгардаг хуулийн зөрчил, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтыг хийх саналыг нэгтгэж УИХ-ын ажлын хэсэгт хүргүүлэх юм байна. 

Одоогоор манай улсын хэмжээнд 1,022 сууц өмчлөгчдийн холбоод үйл ажиллагаа явуулж буй гэсэн албан тоо байдаг байна. Эдгээрийн 85 хувь нь хангалттай үзүүлэлттэй байгаа хэдий ч иргэдийн зүгээс гаргаж буй гомдол, маргааныг одоог хүртэл шийдвэрлэж чадахгүй байгаа нь менежментийг нь бодиттой, үр дүнтэй зохион байгуулах, иргэд, төрийн байгууллага, төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангах, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага тулгарсны илрэл юм. 

Мөн Сууц өмчлөгчдийн холбоо нь оршин суугчиддаа явуулж буй үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгдөггүй тул оршин суугчид бүрэн хяналт тавих боломжгүй, шинэ баригдсан орон сууцны сууц өмчлөгчдийн холбоо ямар байдлаар байгуулагдсан эсэх нь тодорхой бус, үнэ тарифыг үндэслэлгүй тогтоодог, орон сууцны зориулалт, төлөвлөлтийг дураараа өөрчилж буйд хяналт тавьж чаддаггүй. Иргэдээс болон дундын өмчлөлөөс орсон түрээсийн төлбөр зэрэг мөнгөн хуримтлалыг зориулалтын бус зүйлд зарцуулдаг зэрэг олон зөрчил дутагдалтай байсаар байна. Иймд сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлыг хуульчлан сайжруулж зохицуулах зайлшгүй шаардлагатай байгаа юм байна.  

Нөгөөтэйгүүр иргэдийн дундын өмчлөлийн эд хөрөнгөтэй холбоотой аливаа асуудал нь Иргэний хуулиар зохицуулагдах, иргэний эрх зүйн салбарт хамааралтай асуудал юм. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн  3-д “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж заасан. Иргэний хуулийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь эрх зүйн этгээдийн хооронд үүсэх эдийн болон эдийн бус баялагтай  холбоотой харилцааг зохицуулахад оршино” гэж заасан байдаг. 

Түүнчлэн Иргэний хуулийн 99 дүгээр зүйлийн 99.3-д “Хувийн өмч нь иргэний болон дундын гэсэн хэлбэртэй байна.” гэж заасан. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-д “...Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэж заасан. Иймд иргэний хувийн эд хөрөнгө өмчлөх эрхэд халдахгүйгээр СӨХ-ны эрх зүйн байдлыг тусад нь зохицуулах зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм. 

Хэлэлцүүлж буй Орон сууц,  гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгийн болон сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь одоо мөрдөгдөж байгаа хуулиас гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгийг тодорхойлж,  дундын өмчлөлийн эд хөрөнгийн харилцаанд оролцогчдын эрхзүйн харилцааг нарийн зохицуулж, эрх, үүрэг, хариуцлагыг тусгаж өгснөөрөө давуу талтай болсон  байна. 

 

Эх сурвалж: НИТХ дахь АН-ын бүлэг