Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

Номыг нь Ши Жиньпин уншиж байгааг мэдээд “айх, баярлах зэрэгцсэн” тухай судлаач ярьжээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн шинэ жилийн үеэр Хятадын төрийн тэргүүний мэндчилгээ телевизээр цацагдахад түүний арын тавиур дээрх номнууд олны анхаарлыг татаж байв.

Ши Жиньпиний номын санд зөвхөн коммунист сонгодог зохиолууд байсангүй, мөн хиймэл оюуны тухай ном багтаж байсан нь хүмүүсийг гайхшруулсан юм.

Тухайлбал 2015 оны бэстселлэр болох Педро Домингосын “The Master Algorithm” нэртэй ном байгааг үзэгчид илрүүлсэн байна.

Тэгвэл энэ номны зохиолч Педро Домингос саяхан Германы Der Spiegel сэтгүүлд ярилцлага өгөхдөө Ши Жиньпин түүний номыг уншдагийг мэдээд “айх, баярлах зэрэгцсэн” тухайгаа ярьжээ.

Хиймэл оюуны эксперт тэрээр “Хятад бол хурдтай хөгжиж байгаа улс. Дэлхийн бусад улсын нэгэн адил Хятадууд хиймэл оюуны технологийн ач тусыг маш олон замаар хүртэх боломжтой тул би хараад баярласан. Нөгөө талаар авторитар засаглалтай улс хүн амаа бүрэн хянаж цагдахын тулд хиймэл оюуныг ашиглана гэдгээс айсан. Өнөөдрийн бидэнд мэдрэгдэж байгаа зүйлс бол дөнгөж эхлэл. Бусад ямар ч технологийн нэгэн адил түүнд сайн, бас муу хүч бий. Одоохондоо бид сайн зүйлд анхаарлаа төвлөрүүлээд байна. Миний бодлоор сайн талд асар их хийх зүйл бий. Гэвч муу зүйлд ашиглах боломж бас байгаа” гэж ярьсан байна.

Хятад улс дэлхийн тэргүүлэх хиймэл оюуны гүрэн болно гэсэн зорилт тавиад байгаа. Тэд 2030 онд уг салбараа $150 тэрбумын хэмжээтэй болгохыг зорьж байна. 

Сүүлийн үед Хятадын “face recognition” буюу “царай таних” хиймэл оюуны салбар өндөр түвшинд хүрч, цагдаа, аюулгүй байдлын албаныхан хэрэглэж эхэлсэн гэдэг.

Педро Домингосын “The Master Algorithm” номонд хиймэл оюуныг өдөр тутмын амьдралд хэрхэн нэвтрүүлж болохыг энгийнээр тайлбарласан байдаг. Түүний бичсэнээр эцэстээ хиймэл оюуны нэг мастер алгоритм бий болж, өөрийгөө тасралтгүй хөгжүүлдэг болох гэнэ.

Уг бүтээлийг Билл Гэйтс “заавал унших ёстой” номын нэгээр нэрлэж байв.

Ярилцлагынхаа сүүлд Домингос эцсийн нэг өдөр хиймэл оюун шийдвэр гаргахгүй, харин түүнийг хянаж байгаа этгээд шийдвэр гаргана гээд “Мастер алгоритмыг хэн жолоодох вэ? Бид үү? Ши Жиньпин үү? Энэ гол асуулт” гэжээ.

 

Эх сурвалж: Quartz