Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

Саудын Араб анхны кинотеатртаа үзүүлсэн эхний киноноос 40 секундыг танажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Саудын Араб 35 жилийн дараа анхны кинотеатраа нээж, өчигдөр орой эхний кино болох “Black Panther”-ийг нийслэл Рияд хотод үзүүлжээ.

Исламын хатуу хууль дүрэмтэй тус улсад 1983 онд ёс суртахуунд хортой гэсэн шалтгаанаар кинотеатруудыг хааж байв. Гэвч Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мохаммед Бин Салманы шинэчлэлийн хүрээнд дахин нээж байгаа нь энэ юм.

Тэгвэл анхны кино болох “Black Panther”-ийн 40 секундын урттай хэсгийг эрх баригчдын шаардлагаар хассан болохыг уг киноны дистрибютер Italia Film мэдээлжээ. Энэ нь гол баатруудын хоорондоо үнсэлцэж байгаа хэсэг байсан гэнэ. Гэтэл цус, аллагатай хэсгийг нь хасалгүй үлдээсэн байна.

Ер нь Ойрх Дорнодын орнуудад гаргах киноноос сэксийн харилцаа, ижил хүйстний харилцаа, шашны агуулгатай хэсгүүдийг хориглодог болохыг мэргэжилтнүүд мэдээлж байв.

Тухайлбал 2009 оны “Watchmen” киног арабын орнуудын зах зээлд гаргахад маш их хасалт хийж, бараг кино нь ойлгогдохгүй шахуу болсон тухай тэд дурссан байна.

2011 онд “The Girl With The Dragon Tattoo” киноноос олон хэсгийг хасах шаардлага тавьсан тул продюсерууд нь дэлгэцэнд гаргахаас татгалзаж байжээ.

Саудын Араб 2030 он гэхэд 2,500 дэлгэцтэй 350 кинотеатртай болох зорилт тавьсан байна.

Ингэснээр жил бүр $1 тэрбумын “бокс оффис”-ын орлого олдог болж, дэлхийн 11 дэх том киноны зах зээл болно гэж Соёлын яам нь тооцоолжээ.

 

 Эх сурвалж: Business Insider