Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Монголд ТВ-ийн суваг 1, 2-т байрлах нь эдийн засгийн хувьд нөлөөтэй хүчин зүйл болоод байна"

М.Сувданзаяа, Үндэсний шуудан
2018 оны 4 сарын 19
iKon.MN

Энэ сарын 17-ны өдөр болсон Монголын Телевизүүдийн Чуулганы үеэр тавигдсан илтгэлүүдээс бид өмнө нь онцолж байсан бол энэ удаад хэлэлцүүлгүүдээс онцолж байна.

Хэлэлцүүлгийн үеэр ихэнх оролцогчид санал нэгтэйгээр хууль байх хэрэгтэй гэж байв.

Өргөн нэвтрүүлгийн салбарыг хэн, хэрхэн зохицуулах ёстой вэ? хэлэлцүүлгээс
 
МОӨХХ-ны Гүйцэтгэх захирал У.Тамир “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтад хууль байх ёстой. Мөн мэргэжлийн түвшинд зохицуулах, зах зээлийг нь ойлгодог МЭРГЭЖЛИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС байгууллага зохицуулах ёстой” 
“ОУ-д үр ашигтай байхыг тусгасан байдаг. Үр ашиг байснаар ХМБ хөгжинө, бизнесийн байгууллага хөгжинө, төр дагаад хөгжинө гэж үздэг. Ийм зохицуулалтаар явж буй 150 орон байна”

“ӨН-ийн хууль тодорхой хэмжээнд зохицуулалт шийдэж чадна. Гэхдээ нарийвчилсан бодлого тусгах хэрэгтэй. ОУ-д тусгай зөвшөөрөл, үнэ тариф тогтоох зэрэг зохицуулалт хийх арга хэрэгсэл байдаг. Үүнийг ямар нөхцөлд хэрэглэх вэ гэхээр зах зээлийн судалгаа дээр үндэслэж хэрэгжүүлдэг. 2012 онд гэхэд судалгаа байгаагүй, харанхуй л байсан бол одоо харьцангуй судалгаа ихтэй болсон байна. Үүн дээр аналистууд үнэлэлт өгөөд хаана гацсан байна тэндээс зохицуулалт хийж эхлэх хэрэгтэй.

“Техник технологийн хөгжлийг дагаад зохицуулалт дэлхий даяар шинэчлэгдсэн. Яаж зохицуулж байгааг судлах хэрэгтэй. Мөн нэгдэж суугаад өмнөх зохицуулалтын алдаа оноогоо дүгнэх хэрэгтэй” 

Асуулт хариулт:

 

Медиа, инноваци консалтингийн Гүйцэтгэх захирал Ц.Тамир: 2015 онд гаргасан зөвлөмж дээр ХХЗХ хараат бус байхыг зөвлөсөн. Хараат бус байж чадаж байгаа юу? 

 

ХХЗХ-МАЧСЗ, мониторингийн хэлтсийн дарга Ц.Энхбаяр: “Ерөнхийдөө ХАРААТ” 

 

“ТВ-ийн салбар өөрөө мэргэжлийн биш, сонирхогчийн түвшинд байгаа байхгүй юу. Үзэгчдэд зориулж юм хийдэг гэхээсээ илүү продакшн маягтай болсон. Ийм шинж 90-ээд оны сүүл үеэс одоо хүртэл харагдаж байгаа. Продакшны гол зорилго мөнгө өгсөн захиалагчдаа маш сайн контент хийж өгөх. ТВ бол өөр. Надад таалагдахгүй байгаа ч би үзэгчдэд хүргэх ёстой гэдгийг мартсан

 “Монголд ТВ-ийн суваг 1, 2-т байрлах нь эдийн засгийн хувьд нөлөөтэй хүчин зүйл болоод байна. Бусад улсад энэ нь хэрэглэгчийн соёл болсон байдаг. IPTV-ийн төхөөрөмж хэрэглэгчийн хүсэлтээр өөрчлөгддөг л байх ёстой. Ийм боломжтой л байх ёстой”

 
ETV HD ТВ-ийн Гүйцэтгэх захирал, ОУ-ын спортын сэтгүүлчдийн холбоо, Азийн спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн, МТХ-ны гишүүн Т.Ганзул “Хууль хүчтэй ч бас хуулиа сайн дагадаг байх ёстой” 
“ТВ-үүд бид өөрсдөө хүлээсэн үүргээ биелүүлдэг байх хэрэгтэй. Үндэсний өв уламжлал, боловсрол олгох контент дутагдаж байгаа бол бид нийлүүлэх үүрэгтэй. Тиймээс бид энэ тал дээр хөрөнгө босгох ажил хийж эхэлсэн байгаа” 

“ЗГХЭГ-аас өргөн нэвтрүүлгийн хуулийг өргөн барьсан. Бид саналаа тусган телевизүүдийн хүслийн хууль гаргаж, ажлын хэсэгт нь бүх төрлийн холбогдох байгууллагаас төлөөлөл оруулсан. Гэтэл яг өргөн барихын өмнөх өдөр 80 хувиар өөрчлөгдсөн байсан. Яагаад гэдгийг мэдэхгүй. Тэгэхээр энэ өргөн барьж буй хууль өргөн нэвтрүүлгүүдийн ТВ-үүдийн хүссэн хууль биш, ХХЗХ болон бусад агентуудын хүссэн хууль биш, нөгөө талаас дамжуулагч байгууллагуудын хүссэн хууль ч биш болоод байгаа юм”

“Дээрх уулзвар гарцаа олохгүй цаашаа явбал нэг нэгнийгээ дайраад гарна. Аваар болно. Эцэст нь үзэгч хохирно” 

“Нарийн зохицуулалт орсон хууль хэрэгтэй байна. Сувгийн дугаарлалтыг ХХЗХ шийддэг. Тэгэхээр ХХЗХ хараат бус байх хэрэгтэй

“IPTV хэн юу үзэхийг зааж байна. Ямар лобби явагддагыг бид мэдэхгүй. Яагаад сонгуулийн үеэр C1 урагшаа орж, ETV хойшоо шидэгдсэн юм? Яагаад нэг зэрэг гэнэт бүх дамжуулагч байгууллага өөрчилсөн юм? Үүний цаана лобби явж байгаа. Энэ асуудлыг зохицуулах хэрэгтэй”
 
Олон сувгийн телевизүүдийн үйлчилгээ эрхлэгчдийн холбооны тэргүүн Д.Дамдинсүрэн “Хууль байх хэрэгтэй гэдэг дээр санал нэг байна. Контент бий болохоос айлд хойморт очих хүртэлх бүх үйл явцыг хамарч байж энэ хууль явах ёстой. Дандаа дутуу хагас юм хйидэг тул одоо маш сайн хууль хэрэгтэй”
 
Гэрэл зургийг mpa.mn
 “Монгол ТВ”-ийн Мэдээний албаны ерөнхий продюсер Э.Лхагва “Хуульд салбарын бүх тоглогчдын санаа бодол суугаад олон жишигтэй ойртсон хууль болох юм бол зарим нэг үйл ойлголцлыг шийдэж чадна гэж бодож байна”

“Нөхөж үзэх үйлчилгээг зогсоосонд маш их үзэгчид бухимдалтай байгаа. Энэ үйлчилгээг IPTV олгодог. Хэрэглэгч реклам үзэлгүй хүссэн үедээ дуртай нэвтрүүлгээ ухраагаад үзэх боломжтой болох юм. Гэтэл ТВ-үүд үүнээсээ мөнгө авахгүй байгаад гомдолтой байгаа. Ингээд өөрсдийн хүсэлтээр энэ үйлчилгээг зогсоосон” 

“Ч.Номин захирал өчигдөр “Бид 8 жил хөтөлбөрөө өөрчлөөгүй яг болзсон цагтаа үзэгчидтэй уулзаж байсан” гэж байсан. Зарим ТВ ёс зүйгүй ажилласан, садар самуун сурталчилсан, цагтаа үзэгчдэд хүрэхгүй байна гэсэн. Мөн нэг цагт 20-30 мин сурталчилгаа үзүүлсэн газруудыг журам байсан ч торгохгүй байгаа. Гэтэл биелүүлж буй ТВ-үүд болон үзэгчдэд хохиролтой байгаа тул шударга өрсөлдөөн хэрэгтэй байна. 

“Удирдлагыг үзэгчдэд өгмөөр байна. Англи улсад таван сувгийг бүх кабелийн ТВ дамжуулах ёстой гэдэг ӨН-ийн зохицуулалт хийдэг. Эдгээр контентуудаар англи хүүхэд боловсорч, Онцгой байдлын дуут дохиогоо сонсож, Англи соёл дамжина гэж үздэг”
“Хуульд нэг талын эрх ашиг  давамгайлах юм бол зах зээл зөв голдрил руу орохгүй. Жижиг асуудал л шийдэгдэх байх. Нэгний эрх ашиг хэт их орохгүйн тулд бүгд сууж байж хэлэлцэх хэрэгтэй”
“ТАРХИНААС ТҮРИЙВЧЭНД” хэлэлцүүлгээс
Гэрэл зургийг mpa.mn
Монгол ТВ-ийн Стратеги бодлого төлөвлөлт хариуцсан дэд захирал Г.Бат-Эрдэнэ “ТВ-ийн салбарт продюсер гэж санхүүгийн бөгөөд оюун санааны аль, аль ажлыг амжилттай хийсэн хүнийг хэлэх байх”  

“Монголоос анх удаа Оскарыг сурвалжилсан. Сүүлийн таван жил шууд дамжуулсан. Худалдан авагч байх, оюуны өмчийг олон улсын жишгийн дагуу авах нь маш их давуу талтай”

“ORI үйлчилгээ нээснээс хойш зөвхөн борлуулагч байснаа болиод бас уран бүтээл худалдаж авах сонирхол үүсээд байгаа” 

“The Voice шоуны зөвхөн хоёр минутын дуулж байгаа бичлэгийг Youtube-д байршуулдаг. Бүтэн нэвтрүүлгээ заавал өөр газраас үз гэх гээд байна шүү дээ. Одоогоор 60 сая гаруй үзэлттэй байна. Хөрөнгө оруулж хийж байгаа том бүтээлээ үнэ төлбөргүй өгөх хэрэггүй

“The Voice шоуны туршид 20-30 сая төгрөгийг зөвхөн Youtube-ийн үзэлтээс авах боломжтой гэж тооцож байгаа.
“Юнивишн ХХК, Контент продюсингийн хэлтсийн менежер, Номадиа пикчерсийн продюсер Б.Наранбат “2014 оноос хойш монгол уран бүтээлчидтэй контент, продюсингийн чиглэлээр хамтарч ажиллаж байна. Энэ хугацаанд долоон бүрэн хэмжээний кино, сериал гээд олон контент хийсэн. Продюсер бол сайн санааг авч хөгжүүлээд, бизнесийн эргэлтэнд оруулж ашигтай ажиллаж чаддаг хүнийг хэлнэ”

“Оюуны өмч гэж дуугардаг байсан цөөн газрын нэг бол бид. Одоо ТВ-ийн хувьд оюуны өмчийн асуудал харьцангуй жигдэрсэн. Харин сошиал орчны хувьд бол хэцүү. Дан Монгол гэлтгүй дэлхийн асуудал”

“Контент нийлүүлэгчтэй орлого хуваах зарчмаар гэрээ хийдэг. 50/50 хувь гэдэг зарчимтай”

2014 оноос кино салбарт орж ажиллахад жилд 40-50 кино нээлтээ хийгээд нийт олж байгаа орлогын 50 хувийг таван кино нь л олсон байдаг. Тэгэхээр үлдсэн хэд нь хэцүүхэн байдалтай байгаа гэсэн үг”

2017 оны байдлаар сайн хийсэн монгол киноны борлуулалт 1 тэрбум төгрөг давдаг болсон” 
 
УИХ-ын гишүүн Н.Учрал “Төрийн байгуллага оюуны өмч, инновац гэдэг үгнээс айгаад олон жил болж байна. Одоо энэ үгийг таалдаг болоосой гэж хэлмээр байна” 

“Оюуны өмч бол цаас бүртгэдэг байгууллага. Бид оюун санаагаа ашиглаж чадахгүй байна, эргэлтэд оруулж чадахгүй байна. Эдийн засгийн эргэлтэд оюуны өмчийг оруулах ёстой. Патент авлаа, зохиогчийн эрх авлаа үүнээс цааш эдийн засгийн ойлголт. Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулах тухай хуулийн төслийг санаачлаад өнгөрсөн хугацаанд хэд хэдэн зүйл хийсэн. Нэвтрүүлэг дээрээ барааны тэмдэгт аваад түүнийгээ үнэлдэг байх хэрэгтэй. Жишээ нь 200 саяар үнэлвэл үүнийгээ бариад банкинд очоод зээл авдаг байх хэрэгтэй”
“Дижитал агуулга” ХХК-ийн Гадаад харилцаа, худалдаа, хамтын ажиллагааны менежер Ж.Сайнзаяа “2016 оноос Монгол контентийг гадны зах зээлд зохиогчийн албан ёсны эрхтэй гаргаж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар монгол 50 орчим байгууллагатай гэрээ байгуулаад, 80 гаруй бүтээлийг таницлуулаад явж байгаа. Дэлхийн 20 орчим оронд 9 компанитай гэрээ байгуулсан” 

“Монголын 50 орчим бүтээл ОУ-ын үзэгчдэд хүрч байгаа. АНУ, БНСУ, Тайвань, Герман зэрэг улстай хамтарч ажиллаж байна” 

“Сүүлийн хоёр жилд, ялангуяа 2017 оны сүүл, 2018 оны эхээр хийгдсэн кино түлхүү зарагддаг. Онлайн платформоор нийлүүлж байгаа” 
 
Скайтел ХХК болон Скаймедиа Корпорацийн Технологи хариуцсан дэд захирал Ч.Даваажамц Нийт интернет урсгалын 80 хувь видео байгаа. Монголд “Та ямар ТВ-д дуртай вэ” гэхэд би тийм ТВ-д дуртай гэхээсээ илүү тэр нэвтрүүлэгт дуртай л гэдэг болсон. Энэ нь ширхэглэх бүтэц руу орж байгааг харуулж байна” 
“IPTV бий болсноор дотоод контент үйлдвэрлэгчдэд маш сайн дэмжлэг болсон”

Хэлэлцүүлгийн үеэр ХХЗХ хараат гэдгээ хүлээн зөвшөөрч, мөн холбогдогдох байгууллагууд хамтдаа сууж, зохицуулалтын талаар зөвлөлдөх өдөр товлож, удахгүй зарлахаа мэдэгдсэн юм.