Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

Исландын хамгийн том гэмт хэргийн сэжигтэн шоронгоос оргож, ерөнхий сайдтайгаа хамт Швед рүү нисжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Биткоин олборлогчдыг ажиллуулдаг Исландын дата төв

Биткоин олборлох зориулалттай 600 орчим тусгай зориулалтын компьютерийг дата төвөөс хулгайлсан хэрэгт сэжиглэгдэж байгаа Исландын иргэн шоронгоос оргож, Шведийн нийслэл рүү онгоцоор зугтсан тухай тус улсын RUV суваг өчигдөр мэдээлжээ.

Түүний суусан IcelandAir компанийн онгоцоор мөн Исландын ерөнхий сайд Катрин Якобсдоттир Стокгольмд Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модитой уулзахаар явж байсан гэнэ.

Нийтдээ $2 сая орчим үнэтэй 600 компьютер хулгайлсан хэрэгт 11 хүн сэжиглэгдсэний нэг нь оргосон этгээд байжээ. Түүнийг хоёрдугаар сарын 2-нд баривчилсан юм байна. Ийм том мөнгөн дүнтэй хэрэг Исландын түүхэнд гарч байгаагүй гэнэ.

 
Сэжигтэн

Сэжигтэн нь нээлттэй, хамгийн бага харуул хамгаалалттай саатуулах төвөөс Мягмар гарагийн өглөө оргож, тэр өдрөө Стокгольм чиглэлийн онгоцонд суужээ.

Исландын цагдаагийн газар Шведийн талтай холбоо барьж, сэжигтнийг баривчлахад хамтран ажиллах хүсэлт тавьсан байна. Мөн бусад Европын орнуудад эрэн сурвалжлагдаж байгаа этгээдийн мэдээллийг тараажээ. Хэдийгээр олон сэжигтнийг барьсан ч хулгайлагдсан компьютеруудыг одоо болтол олоогүй байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters