Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

Иракийн шүүх Исламын улсын 300 гаруй гишүүнд цаазын ял оноогоод байна

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн хугацаанд Иракийн шүүхээс нийт 300 гаруй Исламын улс бүлэглэлийн гишүүнд цаазын ял оноогоод байгааг өчигдөр мэдээлжээ.

Багдад болон Мосул хотын хоёр шүүх тэднийг шүүж байгаа гэнэ. Мосул хот нь террорист бүлэглэлийн гол түшиц газар байсан юм. Харин Багдадад гадаадын харьяат иргэдийг голлон шүүж байгаа гэнэ.

Өнгөрсөн нэгдүгээр сараас хойш Багдадын шүүх 97 гадаадын иргэнд цаазын ял оноож, 185 хүнд бүх насаар хорих ял оноосон байна.

Шүүгдсэн эмэгтэйчүүдийн ихэнх нь Турк болон хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улсуудаас иржээ. Нэгдүгээр сард Иракийн шүүх Германы иргэн эмэгтэйд цаазын ял оноосон бол энэ долоо хоногт Францын иргэн эмэгтэйд насаар нь хорих ял оноосон байна.

Мосул хотын шүүх 212 хүнд цаазын ял, 150 хүнд бүх насаар хорих шийтгэл оноож, бусад 341 хүнд янз бүрийн хугацаагаар хорих ял оноожээ. Шүүгдэгсдийн гэмт үйлдлийг олон нийтийн дунд сонсгол явуулах замаар олж тогтоож байгааг шүүхийнхэн мэдэгдсэн байна.

Нэгэн үе Иракийн газар нутгийн гуравны нэгийг хянаж байсан Исламын улс бүлэглэлийг өнгөрсөн арванхоёрдугаар сард засгийн газрын арми бүр мөсөн дарсан юм.

Өнгөрсөн Даваа гарагт Иракт 11 хүний цаазын ялыг гүйцэтгэжээ. Террористуудыг олноор цаазалж байгаагийн улмаас Ирак улс дэлхийд дөрөвт орох цаазын ял гүйцэтгэгч орон болоод байгааг Human Rights Watch байгууллага мэдээлсэн байна.

Тэд Иракийн эрх баригчдыг гэмгүй хүн цаазлах эрсдэлтэй шийдвэрүүд гаргаж байгааг шүүмжилсээр байгаа юм.

 

Эх сурвалж: AFP