Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Үзэгчдэд түүх, үндэсний уламжлал болон боловсрол олгох контент эрэлттэй байна

М.Сувданзаяа, Үндэсний шуудан
2018 оны 4 сарын 18
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

“Монголын телевизүүдийн чуулган” өчигдөр Бэст Вэстэрн Премьер Туушинд болж өндөрлөлөө.

Чуулганы үеэр холбогдох байгуулагын 25 төлөөлөл илтгэл тавьж, судалгааны тайлан танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Энэ удаа чуулганаас онцлох судалгааг хүргэе.

Хүүхдүүд хүүхэлдэйн кино их үздэг, үүний 96 хувь гадаад контент байгаа нь анхаарах асуудал болж байна

“Өргөн нэвтрүүлэг ба нийтийн эрх ашиг” судалгаа /Н.Тогтохсүрэн ХХЗХ-ны Мэдээлэл, агуулга, чанарт стандартын зохицуулалт мониторингийн хэлтсийн мэргэжилтэн/

 
Гэрэл зургийг mpa.mn

Мэдээлэл хүргэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл заавал хуулиас тогтоосон хязгаарлалтад багтах ёстойг заасан. Ихэнх улс үндэсний эрх ашиг буюу өргөн нэвтрүүлгийн бодлогод улс үндэстний дархлаагаа хамгаалах талаар тусгасан байх, ардчиллын суурь зарчмыг хамгаалдаг байх, олон нийтийн эрх ашгийг хүндэлдэг байх, шинэ техник, технологийн дэвшлийг нэвтрүүлдэг байх гэсэн дөрвөн үндсэн чиглэлээр өргөн нэвтрүүлгийн бодлогоо гаргасан байдаг. 

Харин Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд хэвлэл мэдээллийн хараат бус байдлыг бий болгох, ил тод байх гэж тусгаж, олон хуулиар телевизэд үүрэг хүлээлгэсэн заалт байдаг боловч хоорондоо уялдаа холбоогүй байдаг. 

Өнөөдрийн байдлаар манай байгууллага 18 үзүүлэлтээр хяналт тавьж байгаа ба зар сурталчилгааны хөтөлбөрийн цагийн хуваарь, үндэсний бүтээл, соён гэгээрүүлэх, танин мэдэхүйн нэвтрүүлгийн эзлэх хувийг баримтлах шаардлагатай байна. 

19:00-22:00 цаг телевизийн оргил цаг гэж нэрлэгдэж байна.

“Хүн өдөрт дунджаар 3.6 цаг, амралтын өдөр 5 цагийг зурагт үзэж өнгөрүүлж байна” гэсэн судалгааны дүн гарсан. 4-17 насны хүүхдүүд ажлын өдөр 2 цаг 36 мин, амралтын өдөр 3 цаг телевиз үзэж байгаа нь том хүнтэй адил байна. Мөн хүүхэлдэйн кино их үздэг бөгөөд үүний 96 хувь гадаад контент байгаа нь анхаарах асуудал болж байна. 

Хөтөлбөрийн бүтцийн хувьд өргөн нэвтрүүлгийн болон кабелийн сувгууд бие биенээсээ ялгарч чадахгүй байна. Бүх сувгуудаар кино, дуу хөгжим их гарч байна.

Харин кино, спорт болон хүүхдийн нэвтрүүлгээр төрөлжсөн сувгууд зорилгоо хангаж ажиллаж байна. Соёл урлагийн нэвтрүүлгийн нийлүүлэлт эрэлтээсээ давсан харагдаж байна. 

Кино тэр дундаа олон ангит кино нь телевизийн контентийн хамгийн их хувийг эзэлж байгаа ч Монгол ОАК бага байна.

Харин УСК-ны хувьд монгол кино 49 хувь, АНУ-ын кино 32 хувь эзэлж байна. 

Хүүхдийн нэвтрүүлгийн хувьд монгол бүтээл дөнгөж 2-6 хувь эзэлж байна. Солонгос ОАК, home shopping-ийн нийлүүлэлт өндөр байгаа ч зах зээл үүнийг хүсэхгүй байна гэсэн судалгааны дүн гарсан. Тэгвэл нийлүүлэлт бага мөртлөө хэрэгтэй байгаа төрөл бол түүх, үндэсний өв уламжлал бүхий нэвтрүүлэг, боловсрол сургалтын нэвтрүүлэг байна. 

ХХЗХ-оос өргөн нэвтрүүлэгт түүх, соёлын нэвтрүүлэг 20 хүртэлх хувийг эзлэх ёстой гэдэг шаардлагыг “Монгол ТВ”, “Боловсрол” суваг, “Эх орон”, “МҮОНРТ”, “ТВ8” зэрэг сувгууд хангаж ажилладаг.

Монголын медиа зах зээлийн хэмжээ сүүлийн дөрвөн жилд өссөн буюу 46.9 тэрбум төгрөгийн дүнтэй байна

“Монголын медиа зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал” З.Энхжаргал “Максима Медиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал

Гэрэл зургийг mpa.mn

2017 он өмнөх онтой харьцуулахад үйл явдал цөөн, салбарын үйл ажиллагаа хэвийн явагдсан дүр зурагтай байна. 06:00-18:00 цагийн хооронд телевиз байнгын үзэлттэй байдаг ч телевизүүд энэ цагийг одоо хүртэл бүрэн ашиглаж чаддаггүй. 

2017 онд Монгол нэвтрүүлгийн үзэлт дөрвөн  хувиар өсөөд, гадаад нэвтрүүлгийн үзэлт дөрвөн хувиар буурсан байгаа нь монгол телевизүүдийн контент сайжирч буйг илтгэх магадлалтай. Улаанбаатар хотын иргэд хоногийн 20 хувийг телевиз үзэхэд зарцуулж байна. 

Монголын медиа зах зээлийн хэмжээ сүүлийн дөрвөн жилд өссөн буюу 46.9 тэрбум төгрөгийн дүнтэй байна. Нийт медиа зах зээлийн 60 хувийг телевиз эзэлдэг ба энэ нь 28.9 тэрбум төгрөг буюу 12 сая ам.доллар юм. Гэтэл энэ зах зээл дээр 75 телевиз оршин тогнож байна. 

Телевизийн салбарт дэвшил байхгүй, ихэнх телевиз үр бүтээлгүй санхүүгийн хувьд хямралтай дүр зурагтай байна. 

2017 оны оргил цагийн рейтингийн дунджаар топ 10 телевиз, сегментээр

 

Телевизийн сувгуудын рейтинг

2017 оны 3-р сар

2017 оны 6-р сар

2017 оны 9-р сар

2017 оны 12-р сар

2017 оны 4-р улирлын хамгийн өндөр рейтингтэй өдөр тутмын мэдээ

 

2017 оны 4-р улирлын хамгийн өндөр рейтингтэй ТВ ШОУ, форматаар

 

 2017 оны 4-р улирлын хамгийн өндөр рейтингтэй нийгмийн хөтөлбөр, жанраар

 

2017 оны зар сурталчилгааны нийт нийлүүлэлт, сараар, сая секунд

Топ 20 зар сурталчилгаа нийлүүлэгчид, нийлүүлэлтийн хэмжээгээр

 

Дэлхийн медиа зах зээл /15жил/-д интернетийн хэрэглээ өсч, техникийн дэвшил гарсан ба хэрэглэгч олон төрлийн хэрэгслээр мэдээлэл авдаг болсон зэрэг бүтцийн өөрчлөлтүүд гарсан. Мөн интернет зар сурталчилгааны хэрэглээ хурдацтай өсч, телевиз байр сууриа интернетэд алдах хандлагатай болжээ.  

Телевизийн салбарт 2,500 орчим хүн ажиллаж байгаагаас дийлэнх нь 24-39 насны хүмүүс байна. Тэдний дундаж цалин 600 мянгаас нэг сая төгрөг байгаа тул салбар ашиггүй ажилласаар байвал энэ олон хүн цаашид хөгжиж дэмших боломж бага байх болно.  

Бүх телевиз нэгдмэл зорилготой байж, одоо байгаа системийг сайжруулж, ашиг олох эрмэлзэлтэй байх хэрэгтэй. Үзэгчид суурилсан үнэлгээний системд шилжиж, энэ бүх арга замыг хэрэгжүүлвэл салбар дундын зөвлөл нь эрх ашгийг хамгаалж, бага зардлаар зорилтот хэрэглэгчидэд хүрдэг болж, телевизүүдийн төрөлжилт явагдаж, контент сайжирч, үзэлтийнхээ хэмжээгээр сурталчилгаагаа авдаг болох ба ашиг нэмэгдэж, салбарт эрүүл өрсөлдөөн бий болно. Ингэснээр чанартай телевиз шигшигдэж, хамгийн гол нь үзэгчдийн эрх ашиг хамгаалагдах болно.

Олон нийтийн телевиз өөрөө контент үйлдвэрлэх, нийлүүлэгч байх ёстой

“Дижитал эрин үед МҮОНРТ-ийн үүрэг, дэвшүүлж буй алсын хараа” Л.Нинжжамц – “МҮОНРТ”-ийн ерөнхий захирал

 
Гэрэл зургийг mpa.mn

Бид 2017 оны төгсгөлд буюу дэлхийгээс 18 жилийн дараа улсаас татаас авч байж SD форматаас HD формат руу шилжсэн. MNB 1, 2, 3-р суваг бүрэн HD болсон. Мөн илүү чанартай үйлчилгээ үзүүлэх, агуулга дээрээ онцгой анхаарах хэрэгтэй байна. 

Бид санхүүгийн хувь хараат учраас редакцийн бодлого мөн л хараат байдал руу ордог. Төсөв мөнгө суулгахын тулд лобби байгуулж ажилладаг. Ингэж санхүүжилт авдаг тул маш их шахалт ирж, улс төрийн хяналт тавигддаг. Үүнтэй уялдаад уран бүтээлчдийн сэтгэлгээ хүртэл хараат болсон байдаг. Энэ сэтгэлгээнээсээ бүрэн гарч чадахгүй л байна. 

Олон нийтийн телевиз өөрөө контент үйлдвэрлэх, нийлүүлэгч байх ёстой. Түүх өв соёлын, хүүхдийн контентын хуульд заасан заалтуудыг дагаж ажилладаг ч үзэлт хангалтгүй байна. 

Олон нийтийн телевиз хувийн салбарын хийж чадахгүй байгаа орон зайг нөхөж ажиллах нь зүйтэй. Бид 1-р сувгаараа бүр төрлийн буюу хэвтээ нэвтрүүлгээ хүргэж байгаа. 2, 3-р сувгаараа босоо буюу мэдээ, спортоор дагнаж ажиллаж байна. Өөрийн орноо гадны улсад сурталчилдаг “MNB world” сувгийн өдрийн 4-6 цагийн эфирийг нээх том зорилттой байгаа ч хүн хүч, дэмжлэг маш их хэрэгтэй байна. 

"Орон нутагт төрийн мэдээлэл хэрхэн хүрч байна вэ? Орон нутгийн иргэдийн мэдэх эрх, тулгарч буй асуудлууд" Ч.Баярсайхан “Орон нутгийн телевизүүдийн холбоо”-ны гүйцэтгэх захирал

Гэрэл зургийг mpa.mn

Орон нутагт МҮОНРТ, сонин, орон даяарх 16 өргөн нэвтрүүлгийн телевиз болон орон нутгийн радио, тв мэдээлэл хүргэдэг байсан. Тоон системд шилжих асуудал гарч ирснээр хэрхэн мэдээллээр үнэгүй хангагдах вэ гэдэг дээр асуудал гарч эхэлсэн.

Газрын тоон системд шилжсэнээр аймгийн төвийн телевизээ суманд хүлээж авах боломжгүй болж, өөрийн аймгийн мэдээллээ үнэ төлбөргүй авч чадахгүй байгаа. Иймд дөрөвдүгээр сард “Орон нутгийн телевизүүдийн холбоо” хуралдаад бүх нийтийн үүргийн сангийн төсвийг энэ чиглэл рүү хандуулахыг хүсэхэд дэмжсэн” тул томилогдсон ажлын хэсгийг үр дүнтэй ажиллахыг санууллаа. 

"Үзэгчийн эрхийг хамгаалах хуулийн орчны хэрэгцээ шаардлага ОУ-ын зөвлөмжүүд" Х.Наранжаргал “Глоб интернэшнл төв” ТББ-ын тэргүүн

Хэрэглэгчид үнэн мэдээлэл л хүсдэг тул хэвлэл мэдээллийн хэрэгсэл чөлөөт, хараат бус, олон ургальч байх хэрэгтэй. 

Хэвлэл мэдээллийн хөгжлийн шалгуур үзүүлэлтээр “Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл”, “Хэвлэлийн Хүрээлэн”, “Ил тод” сан хамтраад судалгаа хийснээр тайланд 190 арга үзүүлэлтээр зургаан үндсэн зөвлөмж гаргасан. Үүний нэгд “Нэр төр гутаахыг эрүүгийн хэргээс бүрэн халах хэрэгтэй” гэдэг зөвлөмж багтаж байгаа. 

Хэвлэлийн өөрийн зохицуулалтын кэйсүүд буюу телевизүүд юун дээр алддаг вэ? Г.Гүнжидмаа “Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл”-ийн гүйцэтгэх захирал

Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлд ирсэн нийт гомдлоос 86 хувь нь сонин, сэтгүүл, сайтынх байгаа бол 14 хувь нь телевизийнх байна. Энэ нь телевизийн мэдээлэл урсаад өнгөрдөгтэй холбоотой. “Харилцаа холбооны зохицуулах хороо”-оос сэтгүүлчийн ёс зүйтэй холбоотой гомдол хааяа нэг ирдэг ба нийт ирсэн гомдлоос 30 орчим хувийг шийдвэрлэсэн. Буруутай гэж тогтоогдсон хэвлэл мэдээллийн хэрэгсэл залруулга гаргасан байгаа.

Мэдээллийг нягтлаж шалгадаггүй, олон эх сурвалжаар баталгаажуулдаггүй, хувийн мэдээлэлд хүндэтгэлтэй ханддаггүй, таамаг, цуу яриаг нийтэлж нэвтрүүлдэг, буруутгагдаж буй этгээдэд тайлбар хийх боломж олгодоггүй, гүтгэх, доромжлох, нэр төрд халдах зэрэг алдааг түгээмэл гаргаж байна.

Ц.Энхбаяр “Харилцаа холбооны зохицуулах хороо”-ны мэдээллийн агуулга, чанар стандартын зохицуулалт, мониторингийн хэлтсийн дарга

Мэдээлийн эх сурвалж телевиз, мөн зар сурталчилгааг хүргэх гол хэрэгсэл ч телевиз хэвээр байна. Харин фэйсбүүк медиа зах зээлд хүчтэй өрсөлдөгч болж орж ирсэн. 
Нийт сурталчилгааны зах зээлд 61.6 хувийг телевиз, 15 хувийг шууд сурталчилгаа эзэлж байгаа бол вэб сайт 3.9 хувийг эзэлж байна. Энэхүү үр дүнг сурталчилгаа нийлүүлэгчээс авсан анкетын дүнд үндэслэсэн бөгөөд судалгаагаар шууд сурталчилгааны дүн өссөн харагдаж байна. 

2017 оны есдүгээр сарын 30-ны байдлаар нийт 55 сая орчим секунд зар суртателчилгаа явсан. Улаанбаатар хотод цацагдсан нийт сурталчилгааны 40.5 хувь телевизээр, 59.5 хувь сувгаар явсан бол үүнээс “Масс медиа групп”-ийн телевиз, сувгаар дангаараа нийт зар сурталчилгааны 15.9 хувь  цацагдсан. 

Салбарын орлого сүүлийн жилүүдэд дарааллан өссөн ч энэ нь кабелийн сувгийн орлого байгаа юм. 

Мөн салбарын зардал жилээс жилд өсч байгаа ба 2017 онд огцом өссөн байна. Энэ зардлын 50-аас дээш хувь нь 18 өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд ноогдож байна гэсэн юм.

Чуулганаар Монголын медиа зах зээлийн анхны судалгааны тайлан танилцуулагдсан юм.