Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Старбакс 8,000 салбараа хааж, бүх ажилтнууддаа арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг сургалт явуулна

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Кофены дэлхийн хамгийн том сүлжээг эзэмшдэг Старбакс компани тавдугаар сарын 29-ний өдөр АНУ дахь 8,000 салбараа түр хааж, 175,000 ажилтандаа арьс өнгөөр ялгаварлах үзлийг хэрхэн тэвчих тухай сургалт явуулахаар болжээ.

Өнгөрсөн долоо хоногт тус компанийн Филаделфи дэх салбарт гарсан дуулиант хэргийн улмаас олон нийтийн дунд тус сүлжээг бойкотлох хөдөлгөөн өрнөж эхэлсэн юм.

Тухайн үед Старбаксын ажилтан өөрийн салбарт сууж байсан хоёр хар арьст залууг “юу ч худалдаж авахгүй, бас явахгүй” байгааг цагдаад мэдээлж, баривчлуулсан юм.

Энэ үйл явдлын дүрс бичлэг сошиал сүлжээнд тарж, Старбаксын нэр хүндэд халгаатай хэлэлцүүлэг өрнөх болсон байна. Бойкотоос сэргийлж чадсан ч энэ олон салбар түр зогссоноор Старбаксын орлого ашигт нөлөөлөх нь гарцаагүй.

Гэхдээ тэд ачаалал хамгийн бага байх цагийг сонгож сургалтаа явуулна гэжээ.

Старбаксын гүйцэтгэх захирал Кэвин Жонсон олон нийтээс уучлал гуйж, бүх хариуцлагыг өөртөө үүрэхээ мэдэгдсэн байна. Ажлаа аваад удаагүй түүний хувьд энэ явдал нь PR-ын томоохон сорилт болох юм. Цагдаад дуудлага өгсөн ажилтан халагдсан болохыг эх сурвалжууд мэдээлжээ.

Филаделфийн цагдаа хууль зөрчсөн хоёр иргэнийг баривчилсан хэмээн мэдэгдэж, өөрсдийн үйлдлийг зөвтгөөд байгаа юм.

Эх сурвалж: Reuters