Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Онгоцны хөдөлгүүрт гэмтэл гарснаас банкны захирал эмэгтэй амиа алджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Southwest Airlines компанийн нисэх онгоц өчигдөр хөдөлгүүр нь нислэгийн дунд гэмтсэн тул Филаделфид ослын буулт хийжээ.

Boeing 737-700 онгоцны нэг талын хөдөлгүүр задарч, их хэмжээний металын хэлтэрхий цацагдсан нь онгоцны бүхээгт нэвтэрсэн байна. Үүний улмаас нэг зорчигч амиа алдаж, өөр долоон зорчигч хөнгөн шархдсан гэнэ.

Амиа алдсан зорчигч нь Well Fargo банкны олон нийттэй харилцах асуудал хариуцсан дэд захирал Женнифер Риордан байжээ.

Нисгэгчийн хяналтын төвтэй хийсэн радио холбооны бичлэгээс онгоцонд нүх гарч, түүгээр хүн унасан тухай мэдээлсэн нь баримт болж үлдсэн байна.

Уг онгоц Нью Йоркийн LaGuardia нисэх буудлаас Далласыг зорин нисэж байжээ. Амиа алдсан зорчигч нүхээр унасан, эсвэл нүхээр нэвтэрсэн хэлтэрхийд өртсөн эсэхийг албаныхан мэдээлээгүй байна.

Бойнг компани ослын шалтгааныг судлахаар ажиллаж байгаагаа мэдээлжээ.

 

Эх сурвалж: Business Insider