Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Кимтэй уулзах боломжтой ТАВАН ГАЗАР яригдаж байгааг Трамп хэллээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Флоридагийн Мар-A-Лаго амралтын газартаа Японы ерөнхий сайд Шинзо Абэтай уулзах үеэр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын удирдагчтай хийх уулзалтын талаар сэтгүүлчдэд зарим зүйлийг ярьжээ.

Тэрээр Ким Жон Унтай хийх түүхэн уулзалтыг зургаадугаар сарын эхээр болох магадлалтай байгааг хэлээд уулзалт болох газраар 5 хувилбар яригдаж байгааг хэлсэн байна.

Тэдгээрийн дотор АНУ-ын нутаг дэвсгэрт хийх хувилбар байхгүйг Трамп баталжээ.

Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар эдгээр таван хувилбарт Монгол, Швед, Швейцарь, хоёр Солонгосын хилийн хот яригдаж байгаа гэнэ. Тав дахь нь магадгүй Хойд Солонгосын нийслэл Пёньян бололтой.

Трамп бас удахгүй болох хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтаар 60 гаруй жилийн өмнө эхэлсэн Солонгосын дайныг албан ёсоор дуусгах энхийн гэрээ байгуулагдах боломжтой болсныг хэлжээ.

Талууд энхийн гэрээ байгуулаагүй тул 1950-1953 онд болсон Солонгосын дайн нь техникийн хувьд үргэлжилж байгаа гэж үздэг юм.

“Хүмүүс Солонгосын дайныг дуусаагүй гэдгийг мэддэггүй. Харин одоо дуусах гэж байна. Тэд энэ тухай хэлэлцэж байна. Асуудлын гол нь би тэднийг энхийн гэрээ байгуулахыг зөвшөөрч байгаа юм” хэмээн Трамп өөрийн үүргийг онцлон ярьжээ.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар дараагийн Баасан гарагт буюу дөрөвдүгээр сарын 27-ны өдөр хилийн Панмунжом хотод уулзах гэж байгаа юм.

Энэ нь хоёр Солонгосын удирдагч нарын гурав дахь түүхэн уулзалт болох ажээ.

 

Эх сурвалж: Yonhap News