Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгост хулгайлагдаж байсан Өмнөдийн жүжигчин эмэгтэй 92 насандаа таалал төгслөө

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Нөхрийн хамт Хойд Солонгост хулгайлагдаж байсан жүжигчин эмэгтэй Чой Юн Хэ 92 насандаа таалал төгссөнийг гэр бүлийнхэн нь өчигдөр мэдээлжээ.

1926 онд төрсөн Чой 1947 онд анх “Шинэ Тангараг” нэртэй кинонд тоглож байв. Тэрээр 1950-1960-аад оны үед Өмнөд Солонгосын киноны супер од байжээ.

Чой 1954 онд кино найруулагч Шин Сан Октой гэрлэж, түүний бүтээсэн хэд хэдэн кинонд тоглож байв.

 

1978 онд тэднийг дөнгөж салаад байхад нь Хонг Конгоос Хойд Солонгосын тагнуулууд хулгайлсан юм. Хойд Солонгосын одоогийн удирдагч Ким Жон Уны талийгаач эцэг Ким Жон Ил тухайн үед улсынхаа соёл урлаг, үзэл суртлын ажлыг хариуцдаг байсан ба Чой жүжигчний шүтэн бишрэгч байсан гэдэг.

Тиймээс Ким Жон Илийн даалгавраар уран бүтээлч хосыг хулгайлж Пёньянд хүргэсэн байна. Улмаар түүний ятгалгаар Чой Юн Хэ нөхөртэйгээ дахин гэрлэж, Хойд Солонгост найман жил амьдрахдаа нийт 17 кино бүтээжээ.

 

Тэд хоёр удаа оргох гэж бүтэлгүйтсэний эцэст 1986 онд Австрийн Венад зугтаж, АНУ-ын элчин сайдын яамнаас орогнол гуйж байв.

2015 онд Чой Юн Хэгийн дурсамжаар бичсэн “Ким Жон Ил продакшн: Хулгайлагдсан Кино бүтээгчдийн үнэн түүх” нэртэй ном англи хэл дээр хэвлэгдэж байжээ.

Мөн тэдний амьдралаар хийсэн “The Lovers and the Despot” нэртэй баримтат киног 2016 оны Сандэнс Кино наадамд үзүүлж байв.

2006 онд нөхөр нь нас барснаас хойш Чой хатагтайн бие доройтсоор бөөрний өвчний улмаас нас баржээ.

 

Эх сурвалж: Korea Times