Хан-Уул дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчид Хууль бус тогтоол шийдвэр гаргах, түүнийгээ буцаан цуцлах үйлдлүүд хийж дүүргийн иргэдийг талцуулж хуваасан үйл ажиллагаа байнга явуулж байна хэмээн тус дүүргийн иргэд өнөөдөр мэдээлэл хийлээ.
ХУД-ийн 15 дугаар хорооны иргэн Н.Төмөрбаатар "Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн томилогдсон цагаасаа эхлэн Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчин Эрүүгийн хуульд заасан Дураараа аашлах,Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, Саатуулах, Үндэсний эв нэгдлийг бусниулах, Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах зэрэг үйлдлүүдийг санаатайгаар, зохион байгуулалттайгаар явуулж байна.
Хурлын бэлтгэлийг хангах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэх, нутаг дэвсгэртээ сахилга, дэг журмыг бэхжүүлэх ажлыг нэгдсэн удирдлагаар хангах эрх бүхий Тэргүүлэгчдийн үйл ажиллагаа илт доголдох боллоо.
Энэ нь 2018 оны хоёрдугаар сард Тэргүүлэгчдээс батлагдсан зургаан тогтоолоос тодорхой харагдаж байна" гэв.
Хан-Уул дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч Ч.Пүрэвсүрэн "3 дугаар хорооны иргэдийн хурал хуралдаж байхад нөгөө талд бас нэг иргэдийн хурал зохион байгуулж байдаг. Энэ нь ганц 3 дугаар хороон дээр ч биш бусад хороон дээр ч давтагдаж байна. Бараг хороо бүр хоёр Засаг дарга, иргэдийн хурлын даргатай болчихсон. Бүрэн эрхийнхээ хүрээнд хуулийн дагуу, тамгаа бариад хурлаа зарлаж байхад давхар өөр хурал зохион байгуулаад байгаа учраас бид цаашид шүүхийн байгууллагад хандахаар төлөвлөж байна.
Одоо бараг бүх хороо МАН-ын харьяаллын хороон дарга, ИТХ-ын дарга, АН-ын харьяаллын хороон дарга, ИТХ-ын даргатай болчихсон. Хорооны иргэд өөрсдөө хуралдаж Засаг даргаа сонгох ёстой ч тийм боломж алга" хэмээн ярилаа.
Өнөөдрийн хэвлэлийн бага хурлыг зарласан иргэд ХУД-ын ИТХ-ын Тэргүүлэгчдэд хандан дараах шаардлагуудыг гаргаж байгаа аж.