Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

Мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль батлах хэрэгцээ, шаардлага байгааг онцоллоо

A.Жаргал
2018 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Төрийн мэдээлэл, холбооны газар, Монголын Хуульчдын холбоо хамтран “Мэдээллийн аюулгүй байдлын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр “Хуульчдын танхим”-д зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан нээж үг хэлсэн бөгөөд Хуульчдын холбооны гишүүд, Үндэсний дата төв, Эрүүгийн цагдаагийн газар, ШУТИС, Үндэсний тагнуулын академи болон төр, хувийн хэвшлийн байгууллагын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцсон.

 

Хэлэлцүүлгийн эхэнд Төрийн мэдээлэл, холбооны газраас төрийн байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулсан бөгөөд Монгол Улсын төрийн байгууллагууд руу чиглэсэн цахим халдлага маш өндөр буюу долоо хоногт 255939 удаагийн цахим халдлага бүртгэгдсэн байна. Үүний зэрэгцээ Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн компьютер, мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо сүүлийн жилүүдэд өссөн байна. Энэ нь мэдээллийн аюулгүй байдлын бодлогын баримт бичигтэй байгууллага цөөн, компьютерт нэвтрэх нууц үг сул, хувийн компьютерийг байгууллагын сүлжээнд холбож ашигладаг, хамгаалалтын систем байдаггүй зэрэг эрсдлээс үүдэлтэй ажээ. Иймд хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс мэдээллийн аюулгүй байдлын эрх зүйн орчныг боловсронгуй болгох буюу Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийг боловсруулан, батлуулах хэрэгцээ шаардлага байгааг онцолж байсан. Учир нь манай улсын хувьд төр, хувийн хэвшлийн байгууллагууд, иргэд нь лицензгүй, зохиогчийн эрхийн зөрчилтэй програм хангамж ихээр ашигладаг, цахим аюул, заналын талаарх мэдлэг, ойлголт сул, хууль, эрх зүйн хангалтгүй зохицуулалт зэрэг нь тулгамдсан асуудал болоод байгаа юм.

Хэлэлцүүлгийн үеэр Үндэсний дата төвийн Мэдээллийн аюулгүй байдлын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Цэнгүүнжав “Төрийн байгууллагуудын цахим хуудас, цахим шуудангийн аюулгүй байдал” сэдвээр, Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Д.Эрдэнэбулган “Монгол Улсын цахим гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр, Цахим аюулгүй байдлын мэдээлэл, удирдлагын төв ТББ-ын гүйцэтгэх захирал А.Мөнхболд “Цахим мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа” сэдвээр, ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн мэдээллийн сүлжээ, аюулгүй байдлын салбарын эрхлэгч, дэд профессор Я.Дашдорж “Мэдээллийн аюулгүй байдлын бакалавр болон магистрын шатны боловсрол” сэдвээр мэдээлэл өгсөн.

Мөн  Үндэсний тагнуулын академийн доктор, дэд профессор Н.Баатархуяг  “Мэдээллийн аюулгүй байдлын эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь” сэдвээр, хуульч, судлаач Л.Галбаатар “Мэдээллийн аюулгүй байдлын эрх зүйн зохицуулалт” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм.