Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын экс ерөнхийлөгч давж заалдахаас татгалзжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын эхээр болсон шүүх хурлаас 24 жилийн хорих ял сонсоод байгаа Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Пак Гын Хэ өчигдөр давж заалдахаас татгалзах хүсэлтээ шүүхэд илгээжээ.

66 настай экс ерөнхийлөгч авлига, албан тушаалаа урвуулан ашигласан, төрийн нууц задруулсан зэрэг хэргүүдийн улмаас жилийн өмнө албан тушаалаасаа огцорч байв.

Пак Гын Хэ энэ бүгдийг хүлээн зөвшөөрөлгүйгээр өнгөрсөн оны аравдугаар сараас хойш шүүхийн бүх ажиллагааг бойкотлон эсэргүүцэж байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт түүний дүү эмэгтэй давж заалдах хүсэлтийг Сөүлийн төв тойргийн шүүхэд гаргасан байна. Гэвч Пак Гын Хэ энэ хүсэлтийг нь хүчингүй болгуулахаар өчигдөр татгалзах хүсэлтээ илгээжээ.

Гэхдээ Пак Гын Хэгийн эсэргүүцлээс үл хамааран түүнийг ялласан прокуроруудын хүсэлтээр давж заалдах шүүх хурал болох юм. Прокурорууд өмнөх шүүх хурлаар хүчингүй болгосон зарим шийтгэлийг сэргээхээр буюу ялыг нэмэгдүүлэхээр давж заалдах гэж байгаа.

Энэ шүүх хурлыг ч Пак Гын Хэ бойкотлон оролцохгүй байх магадлалтай байна.

Пак Гын Хэ нь албан тушаалаасаа буусны дараа хоригдох ял сонссон Өмнөд Солонгосын гурав дахь ерөнхийлөгч болж байгаа юм. 1990-ээд оны үед Чун Ду Хван, Ро Дэ У нар мөн авлигын хэргээр яллагдаж байжээ.

 

Эх сурвалж: Yonhap News