Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

МҮБХ-ны албан ёсны тэргүүн хэн бэ?

Т.Саран, iKon.mn
2018 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүн хэн болох нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. 

Учир нь өнгөрсөн оны тавдугаар сарын 28-нд Л.Чинбат, харин энэ оны гуравдугаар сарын 24-нд Б.Бат-Эрдэнэ МҮБХ-ны тэргүүнээр сонгогдсон нь ийнхүү маргаан эхлүүлсэн. Б.Бат-Эрдэнэд МҮБХ-ны тэргүүн асан Р.Нямдорж тамга тэмдгээ шилжүүлсэн юм. 

Тэгвэл энэ хоёр хүний хэн нь МҮБХ-ны албан ёсны тэргүүн болох талаар баримтыг хүргэж байна. 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс энэ оны гуравдугаар сарын 14-ний 101/Ш32018/04928 тоот захирамжаар хариуцагч Р.Нямдоржийг МҮБХ-ны улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдгийг ашиглахыг хориглосон шийдвэр гаргажээ. 

Энэ талаар тус дүүргийн шүүхээс тодруулахад "Р.Нямдоржийг МҮБХ-ны улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдгийг ашиглахыг хориглосон захирамжийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс энэ оны гуравдугаар сарын 14-ний өдөр гаргасан.

Үүнтэй холбоотой шүүх хурал өнөөдөр /2018.04.16/ болсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100-р зүйлийн 100.2-д заасны дагуу нэхэмжлэгч ирээгүй тул шүүхээс нэхэмжлэлийг буцаасан" гэлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Р.Нямдоржийн эзэмшиж буй тамга тэмдэг, гэрчилгээг хүчингүй болгож, МҮБХ-той холбоотой ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байхыг сануулсан юм. Уг шийдвэрийг нь доорх баримтаас харж болно.

 
 

МҮБХ төрийн бус байгууллага нь 2010 онд хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ авч байжээ. Түүнчлэн 2018 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдөр Оюуны Өмч Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас /ОӨУБЕГ/ Л.Чинбатыг МҮБХ-ны тэргүүнээр томилсныг бүртгэж, дахин гэрчилгээ олгосон байна. 

Харин Дархан аварга Б.Бат-Эрдэнийн тэргүүлж буй холбооноос Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан МҮБХ-ны гэрчилгээ, тамга тэмдгийг хууль бусаар давхардуулан олгосон талаар гомдол гаргасан юм. 

Энэ талаар ОӨУБЕГ-аас тодруулахад "Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын тогтоолын дагуу Л.Чинбат нь МҮБХ-ны албан ёсны тэргүүн гэсэн тогтоол шийдвэрийн дагуу хуулийн этгээдийн гэрчилгээг олгосон. Хууль зөрчсөн зүйл байхгүй. Гомдол гаргасан талынханд хариуг нь хүргүүлсэн" гэсэн тайлбарыг өглөө.

 
 

Л.Чинбат МҮБХ-ны тэргүүн гэдгийг ШШГЕГ, болон ОӨБЕГ-ын албан бичгүүдэд дурьджээ. Харин ямар учраас МҮБХ одоог хүртэл хоёр тамга тэмдэг гэрчилгээ, тэргүүнтэй байгаа вэ гэх асуулт хариулт нэхсээр байна.

Түүнчлэн Монголын Үндэсний Бөхийн Холбооны маргаан хурцдаж, Б.Одхүү начин УИХ-ын гишүүн А.Сүхбатын биед гэмтэл учруулсан талаар мэдээлэл гарсан. Энэ талаар Цагдаагийн Ерөнхий Газраас тодруулахад "Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа. Хэрэг шалгагдаж байгаа учраас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.