Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

Квантуны армийн алдарт 731 дүгээр ангийн 3,607 хүний нэрсийг анх удаа ил болголоо

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 4 сарын 16
iKon.MN

Дэлхийн хоёрдугаар дайны өмнө болон дундуур Хятадын Манжуурт бактерологийн зэвсэг туршиж байсан Квантуны армийн алдарт 731 дүгээр ангид ажиллаж байсан хүмүүс, тэдэнтэй холбоотой 3,607 хүний нэрсийг Японы Үндэсний Архивийн газар өнөөдөр ил болгожээ.

“Анх удаа уг ангийн бараг бүх гишүүний нэрсийг дэлгэж байна. Бид удахгүй эдгээр нэрсийг судалгаанд зориулж, вэбсайтад байрлуулна” хэмээн Шигагийн Анагаах Ухааны их сургуулийн профессор Кацуо Нишияма хэвлэлд ярьсан байна.

 

1945 оны нэгдүгээр сарын 1-ний он, сар, өдөртэй уг баримт бичигт 52 мэс засалч, 49 инженер, 38 сувилагч, 1,117 ажилтан асан хүмүүсийн жинхэнэ нэр, албан тушаал, гэрийн хаяг, гэр бүлийн гишүүдийн нэрс зэрэг мэдээлэл багтжээ.

1936 онд Харбин хотын ойролцоо байгуулагдсан уг ангийг Квантуны армийн Халдварт Өвчнөөс Урьдчилан Сэргийлэх, Ус Цэвэршүүлэх анги хэмээн албан ёсоор нэрлэж байв.

Гэвч энэ нэрний цаана голдуу Хятад, Солонгос олзны хүмүүс дээр бактерологийн зэвсгийг амьдаар туршдаг байсан юм. Тэдэнд зориудаар нян халдварлуулж, амьдаар нь задлан хийж, үхэх явцыг нь ажиглахын тулд биеийг хагас хөлдөөдөг байсан гэдэг.

Анх 2015 онд Нишияма профессорын ахалсан баг архивын мэдээллийг ил болгох шаардлагыг засгийн газарт тавьж, ихэнх хэсгийг нь баллаж, нуусан хуулбарыг ил болгуулж байжээ.

Харин өнгөрсөн нэгдүгээр сард хийсэн тохиролцооны үр дүнд өнөөдөр бүрэн ил болж байгаа юм байна. Гэхдээ зарим хувь хүний мэдээллийг нууцалсан хэвээр байгаа гэнэ.

Мөн Нишиямагийн баг тус ангид ажиллаж байсан зарим хүний эрдмийн цолыг амьд хүн дээр хийсэн туршилтын үр дүнд олж авсан эсэхийг тогтоож, ингэх нь хуулинд нийцэх үгүйг нягтлуулахаар Киотогийн их сургуульд хандаад байгаа юм.

731 дүгээр ангид 3,000 орчим хүн ажиллаж, 20 гаруй төрлийн нян бактерийг амьд хүн дээр туршиж, 3,000 гаруй хүний аминд хүрсэн гэж түүхчид үздэг.

Энэхүү тусгай ангийн тухай мэдээлэл олон жилийн туршид нууцлагдаж байгаа юм. Ангийн командлагч, генерал Широ Иши АНУ-ын талд туршилтуудынхаа мэдээллийг дамжуулсныхаа дараа олон улсын цэргийн шүүхээр шийтгүүлэлгүй дархлагдсан гэгддэг. Квантуны арми нь Японы эзэн хааны армийн нэг хэсэгт тооцогдож, зүүн хойд Хятадад байрладаг байжээ.

 

Эх сурвалж: Kyodo News