Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

Трамп-Кимийн уулзалт болох газрыг эцэслэн шийдээгүй байгааг мэдэгдэв

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Баасан гарагт АНУ-ын төрийн департментын мэдээллийн цагаар дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа Дональд Трамп, Ким Жон Ун нарын дээд хэмжээний уулзалтын талаар зарим мэдээллийг хэвлэлийнхэнд өгсөн байна.

Төрийн департментын хэвлэлийн төлөөлөгч Хидер Науэртаас нэгэн сэтгүүлч саяхан Хойд Солонгосын гадаад хэргийн сайдыг Москвад айлчлах үеэр ОХУ-ын тал уг түүхэн уулзалтыг өөрийн газар нутагт зохион байгуулах хүсэлтээ илэрхийлсэн гэх мэдээлэлд ямар байр суурьтай байгааг нь асуужээ.

Науэрт уг асуултад “Олон улс орон энэхүү уулзалтыг өөрийн газар нутагт зохион байгуулахыг хүсэж байгаа. Ингэх нь тухайн улсын эдийн засагт өндөр ач холбогдолтой, үнэхээр давуу тал болох нь гарцаагүй. Гэхдээ бид хаана зохион байгуулахыг эцэслэн шийдээгүй байна” хэмээн хариулжээ. Тэр бас дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах асуудлаар АНУ-Хойд Солонгосын хооронд олон тооны яриа хэлэлцээр хэдэн долоо хоногийн турш явагдаж байгааг хэлсэн байна.

Хамгийн сүүлийн байдлаар Трамп-Кимийн түүхэн уулзалт болох хотод Хойд Солонгосын нийслэл Пёньян, хоёр Солонгосын хилийн Панмунжом, Монгол улсын нийслэл Улаанбаатарын нэр олон улсын хэвлэлүүдээр бичигдэж байгаа юм.

Хидер Науэртын хариултыг дараах дүрс бичлэгийн 29 дэх минутаас үзнэ үү.

Эх сурвалж: State.Gov