Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ: ганц ч пуужингаа устгуулаагүй, ОХУ: 103 пуужингаас 71-ийг устгасан

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагийн үүрээр АНУ, Франц, Их Британий арми Сирийн засгийн газрын байгууламжуудад пуужингийн цохилт өгсөн билээ.

Уг ажиллагааны дараа дайсагнагч талууд хэн нь ямар үр дүнтэй ажилласан талаар өөр өөр мэдээллүүд цацаж байна.

АНУ-ын зэвсэгт хүчний штабын дарга, генерал Жозеф Данфорд химийн зэвсгийн судалгаа хийдэг, хадгалдаг Сирийн нийт гурван объектод амжилттай цохилт хийсэн талаар хэвлэлүүдэд мэдээлсэн.

Ажиллагааны дараа ОХУ-ын зэвсэгт хүчний хурандаа Сергей Рудской хэвлэлийн хурал дээр хэлэхдээ цохилтод өртсөн Сирийн байгууламжуудад бага хэмжээний хохирол учирсан, холбоотнуудын харвасан 103 пуужингийн 71-ийг нь Сирийн агаарын хүчнийхэн амдаж устгасан гэж мэдээлжээ.

Химийн зэвсгийн агуулах гэгдэж байгаа объектууд нь хүн, техник байхгүй, ашиглагдахаа больсон үйлдвэрийн байгууламжууд байсныг мөн мэдээлсэн юм.

Харин Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Дана Уайт холбоотнуудын пуужингийн цохилтыг байнуудаа амжилттай устгасан тухай хэвлэлийнхэнд мэдээлсэн байна.

Мөн цохилтын үеэр Сирийн талаас 40 орчим пуужин хариу харвасан ч ихэнх нь холбоотнуудын пуужинг байндаа хүрсний дараа хөөрсөн гэжээ. Сирийн пуужингуудын зарим нь жолоодлогогүй тул хаа нэгтээ газардаж, энгийн иргэдэд хохирол учруулсан байх магадлалтай гэж тайлбарласан байна.

Пентагоноос харвасан зэвсгүүдийнхээ дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулжээ.

Улаан тэнгист байрлаж буй хөлгүүдээс:

  • USS Monterey хөлгөөс 30 Томахоук пуужин
  • USS Laboon хөлгөөс 7 Томахоук пуужин

Хойд Арабын буланд байрлаж буй хөлгүүдээс:

  • USS Higgins хөлгөөс 23 Томахоук пуужин

Газар дундын тэнгист байрлаж буй хөлгүүдээс:

  • USS John Warner хөлгөөс 6 Томахоук пуужин
  • Францын байлдааны хөлгөөс 3 SCALP пуужин

Агаараас:

  • АНУ-ын 2 ширхэг B-1 Lancer нисэх онгоцноос “агаар-газар” ангиллын 19 пуужин
  • Британий Торнадо, Тайпун нисэх онгоцнуудаас 8 ширхэг Storm Shadow пуужинг
  • Францын Rafales, Mirages нисэх онгоцнуудаас 9 ширхэг SCALP пуужинг тус тус харвасан байна.

Агаараас пуужин харвасан АНУ, Франц, Их Британий нисэх онгоцнууд бааздаа амжилттай эргэж ирсэн гэнэ. Мөн тэнгисийн хөлгүүд нь Орос болон Сирийн талтай ямар нэг мөргөлдөөнд оролгүй хэвийн хөвж байгааг мэдээлжээ.

Жилийн өмнө мөн Томахоук далавчит пуужинг Сирийн Шарят агаарын бааз руу АНУ харваж байсан тул Сири, Оросын талууд ийм цохилтод бэлтгэлтэй байсан нь тодорхой.

Томахоукыг анх 1991 онд Иракийн дайнд хэрэглэж, дайны эхний өдөр АНУ 288 ширхэгийг харваж байсан юм. Тэр цагаас хойш уг зэвсэг олон удаа шинэчлэгдэж, сайжирсан байгаа.

Сүүлийн хувилбар нь намд өндрөөр цагт 880 км орим хурдтай нисдэг болсон байна. Уг хурд нь харьцангуй удаанд тооцогдох тул Оросын сүүлийн үеийн С-400 пуужин эсэргүүцэх системийн хариу цохилтод өртөх боломжтой гэгддэг.

Гэхдээ нам өндрөөр харвахад газрын гадаргаар халхлагдсан бага овортой уг пуужинг орчин үеийн ямар ч хамгаалах систем илрүүлж цохиход хэцүү гэдгийг мэргэжилтнүүд баталж байна.

Холбоотнуудын цохилт дууссанаас хойш хэдхэн цагийн дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ажиллагаа маш амжилттай болсныг зарлаад Бушийн үед хэрэглэж байсан алдарт “MISSION ACCOMPLISHED!” хэмээх үгийг твиттертээ бичжээ.

Харин ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэлдээ Вашингтоны өдүүлсэн цуст үйл ажиллагааны үнэн мөнийг зөвхөн түүх шүүх болно гээд Югослав, Ирак, Ливид үйлдсэн хэргүүдийнхээ балгийг одоо ч үүрсээр байгааг нь хэлсэн байна.

Тэрээр холбоотнуудын цохилтыг нийт олон улсын харилцаанд хор хөнөөл учруулж, Сирийн хямралыг улам өргөжүүлэх үр дүнтэй гэдгийг онцлон хэлжээ.

Бямба гарагт Доумад ирж ажиллах байсан Химийн Зэвсгийг Хориглох олон улсын байгууллагын шинжээчдийн дүгнэлтийг хүлээлгүй цэргийн ажиллагаа явуулсанд харамсаж байгаагаа Путин мөн мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: The Aviationist, Russia Today