Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

Сирид үйлдсэн химийн довтолгоог Британичуудын тавьсан жүжиг гэж ОХУ тайлбарлалаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Сирид үйлдэгдсэн гэгдэж байгаа химийн довтолгоог Британичуудын зохион байгуулсан жүжиг гэж Москвагийн эрх баригчид өчигдөр буюу Баасан гарагт зарлалаа.

Дөрөвдүгээр сарын 7-ны Бямба гарагт Сирийн Доума хотод хлорин болон сарин хий хэрэглэсний улмаас 40 гаруй хүний амь үрэгдсэн тухай энэ хотод ажиллаж байгаа сайн дурынхан анх мэдээлсэн юм.

Харин ОХУ-ын батлан хамгаалах яам өчигдөр Доума хотын эмнэлгээс ирүүлсэн мэдэгдлийг танилцуулсан байна. Уг мэдэгдэлд өгүүлснээр хотын эмнэлэгт камертай бүлэг хүмүүс нэвтэрч, химийн зэвсгийн довтолгоо эхэлсэн тухай зарлан, өвчтнүүдийг цочролд оруулж, үймүүлжээ.

Тухайн үед эмнэлэгт байсан өвчтнүүдийн нэг нь ч химийн хордлогод өртөөгүй байсныг эмнэлэгийн захиргаа баталсан байна.

Тиймээс энэ хэргийг зохиомол, Британий талын зохион байгуулсан жүжиг гэж ОХУ-ын батлан хамгаалах яамны төлөөлөгч, хошууч генерал Игорь Конашенков тайлбарлажээ.

Харин энэ мэдэгдлийн дараа НҮБ дэх Их Британий төлөөлөгч Карен Пирс “энэ бол илэрхий худал үг, Оросын суртал нэвтрүүлгийн машины тараасан хамгийн муухай гүтгэлэг” гэж сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Мөн өчигдөр ОХУ-ын НҮБ дэх төлөөлөгч Василий Небензя аюулгүй байдлын зөвлөлийн хурал дээр үг хэлэхдээ АНУ, Франц, Британи улсуудын сонирхол химийн зэвсгийг устгах биш, харин Ассадын дэглэмийг унагах зорилготой гэж мэдэгджээ.

“Олон улсын хууль дүрмийг зөрчиж, бүрэн эрхт улсын эсрэг хүч хэрэглэх аюултай үйл ажиллагаанд бэлдэж байгааг бид харсаар байна” гээд “Эдгээр улсуудын эрх баригчдыг шийдвэр гаргахаасаа өмнө дахин бодож үзэхийг бид уриалж байна” гэж тэрээр анхааруулсан байна.

Уг хуралдаанд оролцсон НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “Өс хонзонгийн үүдэлтэйгээр Хүйтэн дайны үе эргэн ирж байна” гэж талуудад анхааруулжээ.

Түүний үзэж байгаагаар өнөөдрийн нөхцөл байдал нь 1960-аад онд үүссэн хурцадмал байдлаас илүү эрсдэлтэй байгааг хэлсэн юм. Учир нь тухайн үед үйлчилж байсан шиг аюулаас сэргийлэх механизм өнөөдөр байхгүй байгаа нь нөхцөл байдлыг улам дордуулж байгаа гэнэ.

Гутерреш Ойрх Дорнодын үймээн самуун нь дэлхий нийтийн аюулгүй байдалд ноцтой аюул учруулж байгааг дайсагнагч талуудад анхааруулж, хүчирхийллийн бус замаар шийдэлд хүрэхийг уриалжээ.

АНУ, Франц, Британи улсууд Ассадын дэглэмд хамтарсан цохилт өгч, энгийн хүмүүсийн эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн буруутай үйлдлийг нь гэсгээн цээрлүүлэхээр тохиролцоод байгаа юм.

Одоогоор АНУ пуужингийн цохилт өгөхөө зарласан ч хэзээ хэрэгжүүлэхээ эцэслэн шийдээгүй байна. Пүрэв гарагт Британий ерөнхий сайд Тереза Мэй Сирид цохилт өгөх шийдвэрийг танхимын сайд нарын хуралдаанаасаа гаргуулсан юм. Мөн энэ өдөр Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон Сирийн засгийн газар Доумад химийн зэвсэг хэрэглэснийг батлах баримт өөрт нь байгааг мэдэгдээд цохилт өгөх эсэхийг илүү дэлгэрэнгүй мэдээлэл цуглуулсны дараа шийднэ гэжээ.

 

Эх сурвалж: Reuters