Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

У.Хүрэлсүх: Нүүрс хулгайлж зарж байгаа хулгайч нар явах ёстой газар руугаа явах ёстой

Ч.Болортуяа
2018 оны 4 сарын 13
iKon.MN
Зураг зураг
www.mpa.mn

2017 оны эцсийн дүнгээр Монгол Улс 33 сая тонн нүүрс экспортод гаргаад байна.Үүний 50 орчим хувийг буюу 17 сая тонныг Гашуунсухайт боомтоор гаргасан. 17 сая тонны мөн 50 орчим хувийг Эрдэнэс Таван Толгой компани (ЭТТ) олборлож экспортод гаргажээ.

ЭТТ-н гүйцэтгэх захирлын түр орлон гүйцэтгэгч Б.Ганхуяг уурхайн ирээдүйн талаар ярихдаа “ЭТТ-ын 20 хувийг олон улсын хөрөнгийн биржид арилжаалж нэг тэрбум доллар босгох боломжтой” гэв. Мөн төмөр замын бүтээн байгуулалтад оролцох боломжтой болсноо мэдэгдлээ. ЭТТ-н хувьд өнгөрсөн жил 438.4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж 243 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна.

 
www.mpa.mn

 

 
www.mpa.mn

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЭТТ ажиллах үеэрээ “Улаанбаатарт очоод асуудлыг УИХ-д өргөн барина. УИХ-д өргөн барихаасаа өмнө сайд нар маань ТТ-н үйл ажиллагаатай биечлэн танилцлаа. БНХАУ-ын Төрийн тэргүүн Ши Жиньпин Монгол Улстай бүх талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн. Тиймээс ч бид удахгүй энэ асуудлыг шийднэ” гэж байлаа.

Мөн өчигдөр Гашуунсухайт боомт дээр болсон уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Б.Энхболд 268 мянган тонн нүүрс хулгайгаар гарсан талаар мэдээлсэн юм. Энэ талаар Ерөнхий сайд Сангийн сайдыг хууль цагдаагийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулахыг даалгаж “Монгол Улсын төсөвт төвлөрөх ёстой байсан өмч ямар хулгайчийнх нь гараар орж ингэж эзэнгүйдэж байгааг олох хэрэгтэй. Нүүрс хулгайлж зарж байгаа хүмүүсийг явах ёстой газар руу нь явуулах ёстой. Зарим нь ч явж байгаа” гэв.

Мөн тэрбээр нүүрс тээврийн жолооч нарт хүн ёсоор санаа тавьж ЭТТ компани болон нутгийн удирдлага жолооч нарт зориулсан халуун ус, цайны газрыг яаралтай байгуулж зохион байгуулахыг даалгав. “21-р зуунд хүн хоёр сар усанд орохгүй байгааг та нар бодоод хамгийн гол орлогыг чинь олж ирж байгаа жолооч нарын асуудлыг яаралтай шийд. Үүнийг сэтгэл гаргаад шийдээд өгчихөөч” гэж Эрдэнэс Монгол, Эрдэнэс Таван Толгой, Таван толгой компаниудад даалгав.

Өвөрмонголын Баяннуур хотод ажиллах үеэр тус орон нутгийн удирдлага Ганцмод-Гашуунсухайт боомтоор 17 сая тонн нүүрсийг Монголоос импортолсон. Үүний 7 сая тонныг нь Баяннуурт угааж байгаа талаар мэдээлж байв. Тэд энэ тоог хамгийн багадаа 10 сая тоннд хүргэх хүсэлтийг тавьсан. Ингэсэн тохиолдолд боомтын үйл ажиллагаа, нүүрс таталтыг ч нэмэгдүүлэх боломжтойг хэлж байв. Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ талаар ЭТТ –н удирдлагад дундын зуучлагчгүйгээр Баяннуур хотын удирдлагатай хамтарч ажиллахыг үүрэг болголоо.

ХАНГИ-МАНДАЛ, ЦАГААН ДЭЛ БООМТУУДААР НҮҮРСНИЙ ЭКСПОРТ ХИЙХ САНАЛЫГ ДЭМЖИВ


 
www.mpa.mn

Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ УУ-ын компаниудтай уулзах үеэр хэлэхдээ “Энержи Ресурс компани өөрөө логистикийн асуудлаа хариуцаж байгаа нь жолооч нарын нийгмийн даатгал, эрүүл мэнд амь нас гэх мэт бүх асуудлаа өөрсдөө хариуцан даан ажиллаж байна. Тэгэхээр улсын ЭТТ ч яг энэ зарчмаар ажиллах ёстой” гэв.

ЭТТ дундын зуучлагч нарт нүүрсээ аман дээрээс өгснөөр жолооч нарын асуудал тэднийд хамааралгүй болж байх жишээтэй.

 
www.mpa.mn

Энержи Ресурсын Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл iKon.mn –нд өгсөн ярилцлагадаа

ЭТТ -н стратеги биднийхээс тэс өөр гэдэг нь тэд нүүрсээ уурхайн аман дээрээ борлуулна. Зуучлагч, чэнжүүдэд өгнө. Бүх нэмүү өртгөө Хятадын талд алдаж байгаа. 
Нөгөө талд нь тээврийн асуудал нь маш замбараагүй болж байгаа юм. ER-ийн хувьд тээврээ өөрсдөө хийдэг. Хамгийн бага зардлаар хийхийг хичээдэг. Шинэ, шинэ техникийн боломжийг ашиглаад давхар чиргүүлтэй машин зэргээр тээвэрлэж байна. 

Ийм технологиор бид Ганцмодын боомтоор нэвтэрч Хятадын харилцагч нарын талбайд нь хүргэж өгөхөд зардлыг 10 долларт багтааж болж байгаа юм. Гэтэл тээврийн замбараагүй байдал, хил боомтын гацаанууд үүсээд эхлэхээр Хятад тээвэрлэгч нар Таван Толгойгоос Ганц мод орох хооронд 30, 40 доллар нэхэх нь холгүй болж байгаа юм. Тэр 30, 40 долларыг бид хэн нэгэнд алдаад байгаа биз. 10 доллараар хийж болох зүйлийг 30-40 доллараар хэн нэгэнд алдаад байгаа юм. 
Нэгэнт тээврийн зардал нь ийм өндөр үнэтэй болчихоор уурхайн аман дээрээс авах үнэн дээр ч бас өөр тохиролцоонд орох гээд байгаа биз. Бид ингээд л мэрүүлээд л байна гэсэн үг” гэж байв.

Г.Батцэнгэл захирал өнөөдөр мөн Ерөнхий сайдын уулзалтын үеэр нүүрсний зах зээлийн талаар танилцуулж байлаа.

Тиймээс ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЭТТ компани нүүрс тээвэрлэлтийн асуудлаа өөрсдөө хариуцан шийдэж байхыг даалгалаа. Мөн тэрбээр шаардлагатай авто замын асуудлыг одоо хүртэл шийдээгүй байгаад шүүмжлэлтэй хандаж яаралтай хар замыг ашиглалтад оруулах үүрэг өглөө.

 
www.mpa.mn

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар хэлэхдээ “ЭТТ үлгэр жишээ аж ахуйн нэгж болох ёстой. Эхний ээлжинд ЭТТ бүх өр ширээ дарж дуусгалаа. Тэгэхээр одоо үйл ажиллагаагаа улам өргөжүүлэх ёстой. Бид олон улсын зах зээлд гарах ёстой. Биднээс хамаагүй бага нөөцтэй Энержи Ресурс компани олон улсын зах дээр гарч хэдэн төгрөг босгож байгааг хар. Улсын ТТ ч ингэж ажиллах ёстой.
Бид одоо замаа барина. Цахилгаан станцаа барина. Бүх зүйлд ЭТТ хамаатай болж байна” гэж байлаа.

Мөн тэрээр нүүрс тээврийн машины зөвшөөрлийг зохицуулах асуудалд Зам, тээврийн хөгжлийн сайдтай хамтран ажиллах шаардлагатай байгааг хэлж байв.

Таван толгойн төмөр замын асуудалд
компаниуд санаачлагатай ажиллах ёстой


 
www.mpa.mn

Ж.Бат-Эрдэнэ сайд: 

Энд үндсэндээ хүмүүс зэрлэг байдлаар л ажиллаж байна. Тиймээс ЭТТ аман дээрээс ачилтаа зогсоож тээвэрлэлтийн асуудлаа өөрсдөө хариуц. Жолооч нарын асуудлыг хэн хариуцах вэ. Хэрвээ үүнийг л шийдэж чадахгүй бол би одоо “C” зөвшөөрөл өгөхөө зогсооё.

Хоёрдугаарт төмөр замын асуудал. 1.5 тэрбум долларын санхүүжилтийг энэ Засгийн газар гаргаж чадахгүй. Тиймээс нүүрс олборлогч компаниуд маань өөрсдөө асуудлаа санаачлах хэрэгтэй. Энэ тал дээр Эрдэнэс Монгол компани санаачлагатай ажиллах ёстой. IPO хийж хөрөнгө оруулалт татах, төмөр замаа барих тодорхой саналуудаа гаргаад яваарай.

Мөн хоёр боомт (Цагаан дэл, Ханги мандал) нэмэх асуудалд Засгийн газар дэмжиж ажиллаж маршрутыг нь баталж өгье.

Түүнчлэн дахиад нэг хүнд даацын авто замын асуудал яригдаж байгаа. Энэ концесс нь дүгнэх шатандаа яваа” гэж байв.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын өгсөн мэдээллээр Ерөнхий сайдын БНХАУ-д ажилласан айлчлалын хүрээнд Гашуунсухайт боомтын дэд бүтцийг сайжруулахад 148 сая юанийн санхүүжилт татсанаа хэлж байлаа. Ингэснээр 2019 ондоо багтаж боомтын үйл ажиллагаа олон улсын жишигт хүрэх болно гэж байв.

ЭТТ дээр болсон уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Энержи Ресурс компанийн Нүүрс Баяжуулах үйлдвэртэй танилцсанаар өндөрлөлөө.

Тэрээр үргэлжлүүлэн өнөөдөр Өмнөговь аймгийн
Даланзадгад хотод ажиллаж байна...


 
Гэрэл зургийг mpa.mn