Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ номонд Дональд Трампыг мафийн босс шиг ажилладаг гэжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Холбооны Мөрдөх Товчооны дарга асан Жэймс Коми “A Higher Loyalty: Truth, Lies and Leadership” хэмээх нэртэй дурсамж номоо ирэх долоо хоногийн Мягмар гарагт худалдаанд гаргах гэж байгаа ажээ.

Түүнийг Дональд Трамп өнгөрсөн оны тавдугаар сарын 9-нд албан тушаалаас нь огцруулж байсан юм. Өчигдөр буюу Пүрэв гарагт АНУ-ын хэвлэлүүд энэхүү номонд бичигдсэн сонирхолтой хэсгүүдийг олж авснаа мэдээлжээ.

Коми Трамптай уулзсаныхаа дараа өөрийг нь анх прокуророор ажиллаж эхлэх үедээ мөрдөж байсан мафийн боссыг санагдуулсан гэж тодорхойлсон байна.

Трамп бусдаас зөвхөн өөртөө үнэнч байхыг шаардаж, хорвоо ертөнцийг тэр чигтээ өөрийнх нь эсрэг байгаа мэт сэтгэдэг, үргэлж худлаа ярьдаг гэж тодорхойлжээ.

“Жижиг, том гэлтгүй бүх зүйл дээр худлаа ярьж, өөртөө үнэнч байхыг ёс суртахуун, үнэнээс дээгүүрт тавьдаг” гэж Коми бичсэн байна.

Тэр цааш нь Трампыг буруу, зөвийг ялгах төрөлхийн мэдрэмжгүй хүн гэжээ. “ Энэ ерөнхийлөгч бол этикгүй, үнэ цэнэ, үнэн мөнөөс хамааралгүй хүн. Түүний удирдах арга нь наймаалцах, хувиа хичээх, өөртөө үнэнч байдлыг үнэлэх зарчим дээр суурилдаг” гэж Коми бичсэн байна.

Түүний ном угаас нэр төр нь унаад байгаа Трампын засаглал, Бүгд Найрамдахчуудын байр сууринд аюул учруулахаар байгааг хэвлэлүүд мэдээлжээ.

Трампын Оросуудтай ямар хэлхээ холбоотойг шалгаж эхэлсэн тул Комиг ажлаас нь халж байсан юм. Гэхдээ энэ явдлаас долоо хоногийн дараа АНУ-ын хууль зүйн яам тусгай прокурор Роберт Маллерыг томилж, Трампын эмзэг асуудлуудыг мөрдүүлж эхэлсэн байдаг.

Коми энэ номондоо Трамп-Оросын харилцааны талаар бараг дурдаагүй нь одоо явагдаж байгаа мөрдлөгийн ажилд нөлөөлнө гэж үзсэн бололтой.

Харин Оросуудтай холбоотой өөр нэг сонирхолтой баримт дэлгэсэн нь Трампын “нууц бичлэг”-тэй холбоотой байв.

Энэ бичлэгийн тухай мэдээллийг анх Британий тагнуулын ажилтан асан дэлгэсэн ба Трампыг Москвад орос биеэ үнэлэгчидтэй зугаацаж байгаа, тэднээр бие дээрээ шээлгэж байгааг харуулсан гэгддэг юм.

Тухайн үед Трамп энэ дуулианд ихэд санаа зовж, “алтан шүршүүр” гэгдэж байсан нууц бичлэгийн тухай мэдээллийг шалгахыг Комид үүрэгдэж байжээ.

Гэхдээ Трампын зорилго нь ийм бичлэг үнэхээр байгаа эсэхийг шалгах бус, харин ийм бичлэг байхгүй гэсэн нотолгоог ямар нэг аргаар гаргаж үзүүлэхийг шахаж байсан гэнэ.

Москвагийн дүрс бичлэгний тухай ярих үедээ Трамп үүнийг эрс няцааж, өөрийгөө биеэ үнэлэгчээс үйлчилгээ авахаар хүн биш гээд өмнө уулзаж явсан олон хүүхнүүдийн тухай Комид сайрхан ярьж байжээ. Эндээс тэр ерөнхийлөгч болохоосоо өмнө олон эмэгтэйчүүдтэй харилцаатай байсан нь батлагдаж байна.

Сүүлийн үед Трамптай дотно харилцаатай байсан гэх порно киноны жүжигчин, Плэйбой сэтгүүлийн модель хоёр эмэгтэйн асуудал яригдаж эхлээд байгаа билээ.

 

Эх сурвалж: AFP