Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

Багануур дүүрэгт алга болсон гурван хүүхдийн хоёр нь осгосон байдалтай, нэг нь эсэн мэнд олджээ

Т.Саран, iKon.mn
2018 оны 4 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Багануур дүүргийн 5 дугаар хорооны орчимд дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн 14:00 цагийн орчимд 3-5 насны гурван хүүхэд алга болсон байна. 

Энэ талаар "Хүүхэд алга болсон талаарх дуудлага мэдээллийг дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 01:00 цагт тус дүүргийн онцгой байдлын хэлтэс хүлээн авсан.

Ингээд харанхуй шөнө эрлийн ажиллагааг явуулах боломжгүй байсан тул өглөө 08:00 цагт нь эрлийг эхлүүлж, 11:00 цагийн орчимд 3-5 насны гурван хүүхдийн хоёр нь осгосон байдалтай, нэг нь эсэн мэнд олдсон. Эцэг эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй.

Хүүхдүүдийг Багануур дүүргийн 5-р хороо улаан эрэг гэдэг газраас олсон" гэж нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ. 

Харин Цагдаагийн Ерөнхий Газраас "Багануур дүүрэгт сураггүй алга болсон гурван хүүхдийн хоёр нь осгож нас барсан, нэг нь осгосон байдалтай олдсон байна.

Таван настай, эрэгтэй Б, Ц хоёр гурван настай дүү Б-гээ дагуулан энэ сарын 11-ний өдрийн /2018.04.11/ 14:00 цагийн орчимд гадаа тоглохоор гарчээ. Гэвч тухайн өдрийн 20:00 цагийн орчимд “Манай гурван дүү өдөр гадаа тоглохоор гараад одоог хүртэл сураггүй байна” гэх дуудлага Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтэст иржээ.

Дүүргийн цагдаагийн хэлтэс, онцгой байдлын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, эрэн сурвалжлах ажиллагааны хүрээг тэлж явуулснаар дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 10:25 цагт мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Наранбаяраар ахлуулсан эрлийн хэсэг сураггүй алга болсон хүүхдүүдийг Багануур дүүргийн төвөөс 9 км зайд Хэрлэн голын дагуух Улаан эрэг гэх газраас олсон байна.

Хэргийн газарт очиход таван настай Б осгосон байдалтай, таталт өгч байсныг эмнэлгийн анхан шатны тусламжийг яаралтай үзүүлж, дүүргийн эрүүл мэндийн төвд хүргэж, эрчимт эмчилгээ хийлгэснээр биеийн байдал тогтворжсон бөгөөд эмчилгээг үргэлжлүүлж байгаа аж.

Харамсалтай нь таван настай Б, гурван настай Ц нар ил харагдах гэмтэл шархгүй, осгосон байдалтай нас барсан байсан бөгөөд урьдчилсан байдлаар осголтын улмаас нас барсан гэх дүгнэлт гарчээ. Уг хэргийг Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Иймээс эцэг, эх, асран хамгаалагчид та бүхнийг үр хүүхдэдээ байнга анхаарал, халамж тавих, тэднийг хаана юу хийж яваад нь үргэлж анхаарч, хүүхдээ хамгаалж байхыг" зөвлөлөө.