Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

Гашуунсухайт боомтоор нүүрсний экспортыг хоёр дахин нэмэгдүүлж 30 сая тонн хүргэхэд Хятадын талтай нягт хамтарна

Ч.Болортуяа
2018 оны 4 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д  хийж буй айлчлал өчигдөр Өвөрмонголын Баяннуур хотод үргэлжилж БНХАУ-ын Ганцмод боомт,  Монгол Улсын Гашуунсухайт боомтын нөхцөл байдалтай танилцлаа. Мөн Эрдэнэс Таван Толгой компани дээр энэ өдөр ажиллаж байна. 

НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТ, ТАТАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЖ ХИЛИЙН БООМТ ДАХЬ АСУУДЛУУДЫГ ШИЙДЭХЭЭР БОЛЛОО

 
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ӨМӨЗО-ны намын удирдлагатай уулзах үеэрээ “Хоёр улс орны хүмүүс байнга уулзаж байх ёстой. Та бүхэнтэй танилцсантай баяртай байна. Энэ бол манай хоёр орны ард түмний төлөөх ажил учраас бүгд хичээж ажиллана гэж итгэж байна” гэж байв. 

Ерөнхий сайд Өвөрмонголын Монгол Улстай хил залгаа Баяннуур хотод ажиллах үеэрээ ӨМӨЗО-ны Баяннуур хотын удирдлагуудтай нүүрс тээвэрлэлт, таталт, Гашуут сухайт-Ганц мод хилийн боомтод үүсээд байгаа хүндрэл бэрхшээлийг шийдэх, боомтод хийгдэх бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх САНАМЖ БИЧИГ байгууллаа. 

Ингэснээр: 

  1. Гашуун сухайт-Ганц мод боомтоор нэвтрэх нүүрсний гаралтыг нэмэгдүүлэх, үүссэн саад бэрхшээлийг түргэн шуурхай арилгахад хоёр тал хамтран ажиллана.
  2. Гашуун сухайт хилийн боомтын албан хаагчдын 24 айлын орон сууцыг Баяннуур хотын хөрөнгө оруулалтаар 2018-2019 онд барьж ашиглалтад оруулна.
  3. Ганц мод хилийн боомтоос Өмнөговь аймгийн Цагаан хад гаалийн хяналтын талбай руу 22 км, 35 кВ цахилгаан шугам татаж цахилгааны асуудлыг бүрэн шийднэ гэж Өмнөговь аймгийн удирдлага мэдээллээ.

Баяннуур хотын намын хорооны дарга Ли Жи Хэн “Би боломжтой үедээ Монгол Улсад айчилна аа. Монгол Улсын гайхамшигтай сайхан байгальтай танилцахыг хүсч байна” гэж байв.

Хоёр тал боомтуудынхаа дэд бүтцийг хөгжүүлж, хил нэвтрүүлэх чадварыг сайжруулах нь зүйтэй гэдэгт ийнхүү санал нэгдлээ. 

Хил дамнасан уул уурхай, эрчим хүчний туршилтын бүс байгуулах саналыг Өвөрмонголын тал гаргав. Мөн аль болох богино хугацаанд Замын-Үүд-Эрээнд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтөд оролцох зэрэг хүсэлтээ илэрхийлсэн юм.

Баяннуур хот ойрын өдрүүдэд Ганцмодны боомтыг бие даан хариуцах эрхтэй болох гэж байна. “Эрдэнэс Тавантолгой” компанитай шууд гэрээ байгуулан 10 сая тонн нүүрс авч боловсруулах боломжтой учир шаардлагатай дэд бүтэц, эрчим хүч зэрэг бүх асуудлаа шийдсэн. Одоо манай улс хэр түргэн шуурхай ажиллахыг л хүлээж байна. 

Өнгөрсөн жил Монгол Улс Гашуунсухайт боомтоор 17 сая тонн нүүрс экспортод гаргаснаас 7 орчим саяыг Баяннуур хотод угаалгасан байна.

Монгол Улсын нүүрсний экспорт

МУ-ын нүүрсний нийт экспорт (2017 онд) 32.9 сая тонн 100.0%
Өмнөговь-Гашуун Сухайт боомтоор (ЭТТ, Жижиг ТТ ХК, Энержи Ресурс...) 17.2 сая тонн 52.3%
Өмнөговь-Шивээ Хүрэн боомтоор (МАК, Саут Гоби Ресурс...) 12.7 сая тонн 38.6%
Бусад боомтоор 3 сая тонн 9.1%

 

Ерөнхий сайд Баяннуур хотын удирдлагуудтай уулзсаны дараагаар үргэлжлүүлэн Ганцмодны боомтын Гаалийн хяналтын удирдах төвөөр орж боомтын нэвтрүүлэх хүчин чадал зэрэгтэй танилцлаа.

 Энэ үеэр хөндөгдсөн гол сэдэв нь Гашуунсухайт, Ганцмодны боомтод үүсдэг нүүрсний тээврийн урт дарааллыг хэрхэн зохицуулж хэвийн горимд оруулах  тухай байв.

Ганцмодны боомтын Гаалийн даргын хэлснээр нүүрс тээвэрлэх зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслийн тоо хэт их байгаагаас урт дараалал үүсч, хаа хаанаа хүндрэл учруулдаг юм байна.   

Ганцмодны боомт өнгөрсөн онд хоёр тэрбум гаруй ам.долларын бараа, бүтээгдэхүүн импортолж, улсдаа хамгийн их бараа нэвтрүүлсэн боомтын нэгд тооцогдоод байна. 2013 оноос хойш “Таван гарц-Таван орц” нүүрс нэвтрүүлэх хоолой, хяналтын систем зэргийг ашиглалтад оруулж автоматжуулснаар нэг автомашиныг 15 секундэд шалган хил нэвтрүүлдэг болжээ. 

Манай улс өнгөрсөн онд Гашуунсухайт-Ганцмодны боомтоор 18 сая тонн бараа, бүтээгдэхүүн экспортоор гаргасны 17 сая тонн нь нүүрс байгаа юм.

Баяннуур хотын хүсч буйгаар Монгол Улсаас импортолж байгаа 17 сая тонн нүүрсний хамгийн багадаа 10 саяыг нь өөрийн нутаг дэвсгэр дээрээ угаах хүсэлтэй байна. Энэ саналыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч дэмжив. Хамгийн гол нь Монголын нүүрсний компаниуд одоо Баяннуурын удирдлагатай шууд гэрээ хийж нүүрсээ нийлүүлэх ажил үлдэж байна. Ингэснээр Таван Толгой орд бүлгээс олборлож байгаа нүүрс элдэв дундын зуучлагчаар дамжихгүй байх боломж бүрдэх юм.

Албаны эх сурвалжуудын өгсөн мэдээллээр ирэх тавдугаар сард Баяннуур хотын удирдлага Монгол Улсад хүрэлцэн ирж айлчлалын үеэр яригдсан зүйлсийг ажил хэрэг болгох дээр уулзалтуудыг хийх нь.

ГАШУУНСУХАЙТ БООМТОД 148 САЯ ЮАНИЙН
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙНЭ 

 
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Гашуунсухайтын хилийн боомтод хил, гааль, мэргэжлийн хяналт, Гадаадын иргэн, харьяатын асуудал хариуцан ажиллаж байгаа албан хаагчидтай уулзав. 

“Засгийн газар боомтуудын дэд бүтэц зэргийг цогцоор нь сайжруулж тэнд ажиллагсдын амьдрал, нийгмийн асуудлыг давхар шийдэхийг зорьж байгаа. Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр Замын-Үүд, Гашуунсухайтын боомтыг тус улсын 148 сая юанийн буцалтгүй тусламжаар сайжруулах, өргөтгөхтэй холбоотой баримт бичигт гарын үсэг зурсан” гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Төрийн албан хаагчид, тэр дундаа хилийн боомтод ажиллаж байгаа хүмүүс сахилга бат, дэг журмыг чанд сахиж, иргэддээ ямар нэгэн хүнд суртал гаргалгүй, түргэн шуурхай үйлчлэх ёстойг Ерөнхий сайд сануулав. 

Нүүрс, зэсийн баяжмал, алт зэрэг уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, үүнийг тойрсон гомдол, санал, хүсэлт иргэдээс цөөнгүй ирдэг байна. Иймээс тагнуул, цагдаа, хил хамгаалах байгууллагын хамтарсан Ажлын хэсэг гаргаж боомт бүрт ажиллуулж, дүгнэлтээ танилцуулахыг холбогдох сайдад чиглэл болгов.

Нүүрсний тээвэр хийж байгаа жолооч нарын эрүүл мэнд, амь нас, хөдөлмөр хамгаалал, нийгмийн даатгал зэрэгт онцгой анхаарах, хилээр нэвтрэх хугацааг аль болох багасгахын тулд Хятадын холбогдох байгууллагатай байнгын холбоотой ажиллахыг санууллаа. 

Нэг хэсэг нүүрс ачсан тээврийн хэрэгслийн цуваа 170 км-т хүрч дараалал үүсч байсан.  Засгийн газар энэ асуудлыг шийдэхээр 320 дугаар тогтоол гарган богино зайн тээвэрт шилжүүлж, урт дарааллыг багасгасанд орон нутгийн иргэд, удирдлага, тээвэрлэгч аж ахуйн нэгж сэтгэл хангалуун байгаа тухай албаны хүн хэллээ. 

Одоогоор өдөрт нүүрс ачсан 500 орчим тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрч байгаа бөгөөд Хятадын тал таталтаа нэмбэл өмнөхийн адил 1,500-д хүрэх боломж байна. Гэхдээ тусгай зөвшөөрлийг хэт олноор нь олгосон нь хүндрэл учруулж байгаа тухай ч хөндөгдлөө. 

Цаашид жолооч нар амрах газартай, хөдөлмөрийн гэрээтэй, засвар, үйлчилгээ хийх цэгтэй байх зэрэг стандартыг хангасан аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл өгч байх нь зүйтэй гэсэн санал гарлаа. 

Мөн өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх нүүрсний тээвэр хийдэг жолооч нартай уулзаж санал, бодлыг нь сонслоо.  Боомтын нэвтрэх гарцыг нэмэгдүүлэх, хэдийгээр богино зайн тээвэрт шилжсэн ч Хятадын талын нэвтрүүлэх гарц цөөн байгаагаас дараалал төдийлөн буурахгүй, олон өдөр машиндаа өдөр хоног өнгөрөөж байгаад анхаарах зэргийг жолооч нар Ерөнхий сайдаас хүсч байв. Тэд нийт 15 орчим хоногийг зам дээр өнгөрүүлж мөн төрийн хүнд суртлын үүднээс олон давхардсан шалгалтад бухимдаж буйгаа илэрхийлсэн юм.

Ерөнхий сайдыг БНХАУ-д айлчлал хийхтэй зэрэгцэн Хятадын тал нүүрс таталтаа нэмэгдүүлэн сүүлийн хоёр өдөр өдөрт 1,000 орчим машин Ганцмод боомтоор нэвтрүүлсэн байна. 

Гашуунсухайтын боомтоор өдөрт хилийн худалдааны 150, зэсийн баяжмалын 200, нүүрс тээврийн 1,200 орчим тээврийн хэрэгсэл нэвтэрдэг гэсэн статистик судалгаа гарсан байна. Энэ оны нэгдүгээр улиралд 138 мянган зорчигч, 18 мянган тээврийн хэрэгслийг нэвтрүүлжээ. 

12 зам бүрт тусгай кабин барьж ашиглалтад оруулснаар бичиг баримт шалгахад зарцуулдаг байсан гурван минутыг 50 секунд болгон бууруулсан байна. Мөн гаалийн бүрдүүлэлтийн зарим бичиг баримтыг цаасгүй технологид шилжүүлснээр багагүй цаг хугацаа хэмнэдэг болжээ.

ВИДЕО: 

https://www.facebook.com/KhurelsukhUkhnaa/videos/1514428048666571/

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн айлчлалын дүнгээр ямар ч байсан Гашуунсухайт боомтыг үйл ажиллагааг өргөтгөх дэд бүтцийг нь сайжруулах төсөл удахгүй эхлэх нь. 23 сая орчим доллар буюу 148 сая юанийн хөрөнгө оруулалтаар Гашуунсухайт боомтын үйл ажиллагааг өргөтгөнө. Мөн нүүрсний экспортыг нэмэгдүүлэх дээр Өвөрмонголын Баяннуур хотдоо нягт хамтран ажиллаж чадвал тэд Монгол Улсын зорьж буй 30 сая тонн нүүрсийг саадгүй нэвтрүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн.

Одоо Монголчуудын л ажил үлдсэн гэсэн үг. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Эрдэнэс Таван Толгой компани дээр ажиллаж байна. Тэрбээр өчигдөр орой ЭТТ-н удирдлагад Баяннуур хотынхонтой нягт хамтран ажиллаж тэдний хүсч буй 10 сая тонн нүүрсийг тэнд нь угаалгах ажлыг зохион байгуулахыг даалгалаа.