Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

Малыг бар кодтой, малчдыг хариуцлагажуулах шаардлагатай гэв

С.Уянга, Зууны мэдээ
2018 оны 4 сарын 12
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Манай улсад зөвхөн энэ онд 13 аймгийн 41 суманд шүлхий өвчин бүртгэгдсэн нь малын гоц халдварт өвчний нөхцөл байдал ямар байгааг илтгэнэ. Шүлхийн дэгдэлт буурч одоогийн байдлаар дөрвөн аймгийн найман сум, нийслэлийн нэг дүүрэгт хөл хориод байгаа ч өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх байдал үр дүнгүй байгааг хэн хүнгүй мэднэ.

Малын гоц халдварт өвчний бодит нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар өчигдөр ОБЕГ, ХХААХҮЯ, Мал эмнэлэг үржлийн газар, олон улсын байгууллагууд өргөтгөсөн хуралдаан хийв. Энэ үеэр Монголын нутаг дэвсгэрийг хэрж, эдийн засагт үлэмж хэмжээний хохирол учруулах эрсдэл дагуулж буй шүлхийн өвчинтэй тэмцэх, гадаад дотоодын туршлага ямар байгааг ярьцгаасан юм.

Шүлхийтэй тэмцэх ажлын хүрээнд энэ онд ОХУ-аас 500 мянган тун вакцин оруулж ирж эрсдэлтэй бүсийн 700 мянга орчим малыг вакцинжуулаад байгаа юм.

Өргөтгөсөн хуралдаанд оролцсон мэргэжлийн хүмүүс шүлхийтэй тэмцэх ажил алдаа дутагдал ихтэй байгааг хэлж байв. Тэр дундаа вакцины тээвэрлэлт эрсдэлтэй, ариутгал чанаргүй, мал эмнэлгийн хараа хяналт сул, хууль дүрмийн хэрэгжилт нуран унасан гэдгийг олон улсын байгууллагын төлөөлөгчид шүүмжилсэн юм.

Мөн малын эмч буюу боловсон хүчний асуудлыг ч хөндсөн юм. Өөрөөр хэлбэл, шүлхийг илрүүлэх үүргийг малчиндаа өгчихсөн. Малчин таньж илрүүлээд хэлэхгүй бол малын эмч урьдчилан сэргийлэх үзлэг хийхгүй гэртээ суугаад байна. Малын эмчийн урьдчилан сэргийлэх үзлэгийг сэргээж зардлыг нь өг. Тэгээд чадахгүй бол малын эмчид хариуцлага тооцох хэрэгтэй гэсэн шүүмжлэл өрнөсөн юм.

Харин өнгөрсөн жил Архангай аймгийн гурван суманд мал амьтны шилжилт хөдөлгөөнийг бүрэн хянах төслийг туршиж үзсэн нь ихээхэн үр дүнтэй болсон гэдгийг Ногоон алт-Малын эрүүл мэндийн төслийн ажилтан С.Дивангар хэлсэн юм. Тэрээр “Мал амьтны шилжилт хөдөлгөөнийг Мал эмнэлгийн байгууллага хянаж чадахгүй байна. Шилжилт хөдөлгөөний эхлэл, үйл явц, эцсийн цэгийг мэргэжлийн байгууллагууд хянах байх ёстой. Гэтэл малчдын хөдөлгөөний эхлэл цэгээс эхлээд аль ч үед нь хянаж чадахгүй байна.

Шүлхийтэй тэмцэх ажлын амин сүнс нь шилжилт хөдөлгөөнийг хяналтдаа оруулах. Шүлхийтэй тэмцэхэд мөрдөх дүрэм, журам, стратеги заавар хангалттай байгаа ч ойлгож хэрэгжүүлэх ажил муу байгаагаас анхны голомтыг өргөн хүрээнд алдаж байна. Малчдын сэрэмж мэдээллийг дээшлүүлэх хэрэгтэй. Мал эмнэлгийн хагас цэрэгжилтийн зохион байгуулалт шүлхийтэй тэмцэх үед илэрч байх ёстой. Өнөөдөр бол назгай, дэг журам муутай. Одоо хийж байгаа ариутгал халдваргүйтэл шүлхийг тараахгүй байх хэмжээнд хүрэхгүй. Ямар ч үр дүнгүй ийм тохиолдолд үнэнээ хэлээд шилжилт хөдөлгөөнийг хорих хэрэгтэй. Вакцин биш вакцинжуулалтын чанарт санаа зовж байна.

Технологийн горимоороо цаг хугацаанд нь нэг  ч мал үлдээхгүй хийх ёстой. Гэтэл нэг суманд хэдэн малын эмч байгаа билээ. Төрөөс баримтлах бодлогод эрт илрүүлэх тогтолцоог бэхжүүлэх юм. Энэ нуран унасан. Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт малын эрүүл мэндийн төсөл шилжилт хөдөлгөөнийг хянах, мал эмнэлгийн баталгаажуулалт олгох загвар гаргаж байна. Архангай аймагт гурван суманд туршсан энэ жил зургаан аймгийн 15 суманд туршина. Малыг хөдлөхөд заавал Малын эмч зөвшөөрөл олгоно.

Малын эмчийн гарт зөөврийн төхөөрөмж өгч бүх мэдээллийг суулгадаг. Өөрөөр хэлбэл, Булганаас Хэнтий хүрэх малыг эрх бүхий байгууллагууд замд нь хянана. Эрсдэлтэй зүйл үүсвэл үйлчилгээ үзүүлэх тогтолцоог бүрдүүлнэ. Орчин цагийн мэдээллийн технологийн ололтыг ашиглаж апплейкшн бүтээлгэсэн.Мал, мах авах гэж байгаа бол бар код уншуулахад аль сумаас гаралтай гэдэг нь гараад ирдэг системийг бүрдүүлж байна” гэлээ.

Бар кодтой ээмэг нэг малд 1,000 төгрөг байдаг ч манай улсад туршиж байгаа нь нэг малд 2,500 төгрөгт багтаж байгаа аж. Ингэснээр тухайн малын мах дэлхийн хаана ч эрүүл гэсэн чиптэй болох бөгөөд малчин зөвхөн шилжилт хөдөлгөөн хийлгэх малдаа ээмэг зүүх юм байна.

Шүлхий тархаж байгаа нэг гол шалтгаан бол малчид зөвшөөрөл, хяналтгүй отор нүүдэл хийдэг явдал. Тиймээс хариуцлагажуулах талаар МЭҮГ-ын хэлтсийн дарга Б.Цолмон “Малчин, иргэн, албан тушаалтан, аж ахуй нэгжийн хариуцлагын тогтолцоо бий болсон.

Өвчний сэжиг гарсан даруйд мэдэгдээгүй, вакцинд тухай бүрт нь хамруулаагүй , зайлсхийсэн бол хохирлыг төлүүлэх, хариуцлага хүлээлгэхийг Мал амьтны эрүүл мэндийн хуульд тусгаж Зөрчлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар санал өгсөн” гэлээ. Зөрчлийн хуулиар аймаг орон нутагт 20 гаруй иргэн, 5-6 албан тушаалтанд арга хэмжээ авсан мэдээллийг МХЕГ-аас өгсөн юм.

Түүнчлэн хэрхэн шүлхийтэй тэмцэх талаар ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле “Ариутгал халдваргүйжүүлэлтийн орчин үеийн төхөөрөмжийг хил гааль болон орон нутгийн пост дээр тавьж өгөх хэрэгтэй. Мал устгалын орчин үеийн технологи шаардлагатай байна. Олон улсад хайлуулаад газрын хөрсөнд хоргүйгээр үнс болгож шатаадаг. Замбараагүй явагдаж байгаа шилжилт хөдөлгөөн, Нэг малын эмчид оногдох малын тоог тодорхой болгож, холын бүсэд нэмэгдэл олгох хэрэгтэй.

Вакциныг журмын дагуу оруулж ирж байгаа ч орон нутаг руу тээвэрлэлтийн асуудалд анхаарах ёстой. Малчны гарт аюулгүй хүргэх хэрэгтэй. Устгасан малын үнийг 90 хувийг буцааж өгөх хуультай ч голомттой бүсээс эрүүл бүсэд авчирсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэж, нөхөн олговор олгохгүй байх арга хэмжээ авч байна” гэсэн мэдээллийг өгсөн юм.

Зураг