Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

Бид XXI зууны төмөр хүлгийн нөхөөс болсоор байх уу?

Т.Саран, iKon.mn
2018 оны 4 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өчигдөр буюу 2018 оны дөрөвдүгээр сарны 10-ны өдөр нийслэл хотын хэмжээнд зам тээврийн ослын 183 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, 3 хүний амь нас хохирч, 6 хүн гэмтсэн ноцтой зам тээврийн ослууд гарсан байна. 

2018 оны 1 дүгээр улирлын байдлаар зам тээврийн осол, хэрэг, үүний улмаас амь насаараа хохирсон хүний тоо, гэмтсэн хүний тоо зэрэг бүх үзүүлэлтүүд 30 орчим хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байгаа хэдий ч та бидний үр хүүхдүүд 21 дүгээр зууны төмөр хүлгийн нөхөөс болсоор байх уу?...

Өчигдөр л гэхэд зам тээврийн осолд 4 хүүхэд өртсөний 2 нь замын хөдөлгөөнд ганцаараа оролцож байсан бол 2 нь эцэг, эх, ах эгчийн хамт хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртсөн байна.

Мөн Чингэлтэй дүүргийн нутаг гэр хорооллын зам, Доод салхитын  ..... тоот хашааны үүдэнд амины T.Corsa маркийн автомашины жолооч нь хашааныхаа үүдэнд тоглож байсан 1 нас 8 сартай эрэгтэй Э-г мөргөж амь нас нь хохирсон эмгэнэлтэй хэрэг бүртгэгдсэнийг Замын цагдаагийн алба шалгаж байна. 
Монголын ирээдүй болсон бяцхан үрсийнхээ төлөө бид юу хийж чадах вэ?

Бидний үр хүүхдээс томчууд та бидэнд дараах захидалыг илгээснийг танилцуулж байна. 

Зуун зууныг өртөөлөн ирсэн Монголын үр сад Б.Хос-Од миний бие та бүхний амрыг эрье. 13 дугаар зууны Чингисийн байлдан дагуулалтанд золионд гарган хэдэн сая амь, 20 дугаар зууны Манжийн дарлалд амь үрэгдсэн өвөг дээдэс, 21 дүгээр зууны төмөр хүлгийн нөхөөс, энэ бүгд түүх болон үлдэх нь бидний эмгэнэл бас, гашуудал.

Жил бүр ерөнхий боловсролын сургуулийн 2 ангитай дүйцэх хэмжээний хүүхэд үгүй болж, 6 ангитай дүйцэх хэмжээний хүүхэд гэмтэж, бэртэн хэдэн мянган хүүхдийн хүсэл, мөрөөдөл, зорилго үгүй болж байна.

Гэвч бид үүнд төдийлөн анхаарал тавьдаггүй. Бидний мэдэх асуудал бол ердөө л утаа, улс төрчид, өөрсдийн цалин төдий...
Хэдэн жилийн өмнө Өршөөлийн тухай хуулиар суллагдсан архичин, бандгар жийпээрээ сургуульдаа явж байсан хүүхдийг дайрсан, цуг явсан согтуу хүүхэн нь агнасан ангаа шалгаж буй мэт хөлөөрөө өшиглөж байсан талаар бид сонссон. Үүнийг үзэж, сонссон бид шуугисан, үзэн ядсан тэгээд л мартсан.

Бидний авсан арга хэмжээ утасны цаанаас like дарсан, share хийсэн, шүүмжлэлтэй хэдэн comment бичсэн. Үүнээс хэтрээгүй. Монгол ард түмэн юу ч хийж чадахаа байж ээ. Бидэнд ухаан байдаг ч ухамсар байдаггүй, хайрладаг ч хамгаалдаггүй, манлайлагч хэд нь уриалаад нэмэр болоогүй, улс төрчид нь ухаараад арга хэмжээ аваагүй, эцэг эх нь шүүхдээд үр дүнд хүрээгүй...

Хүүхдээ хүчиндсэн аав, улсаа идсэн авлигач, төрөө доромжилсон улс төрч, энэ бүгд намайг, миний найзуудыг, хүүхдүүд биднийг хамгаалж чадах болов уу?
Гуйя, яг одоо та өөрчлөлтийг өөрөөсөө эхлээч, таны хүлээцтэй хандсан хэдхэн хором, хариуцлагатай хандсан мөч бүхэн тань энэ олон хүүхдийн амь насыг хамгаалж чадна.
Хүүхдүүд бидний хүсэл мөрөөдөл, зорилго, томчууд, жолооч таны гарт....

10В ангийн сурагч Б.Хос-Од

 

Эх сурвалж: ЗЦА