Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

ТАЙЛБАР: ХХОАТ-ыг хэдэн хувиар ногдуулж, хөнгөлөлтийг хэрхэн эдлүүлэх вэ?

Г.Номин, iKon.mn
2018 оны 4 сарын 11
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын 2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн орлогод 10-25 хувиар, дөрвөн шатлалтайгаар албан татвар ногдуулахаар болсон. Уг хууль олон нийт болон үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудын эсэргүүцэлтэй тулгарч байсан учраас Засгийн газар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, 2018 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр УИХ-аар батлуулсан билээ. Ингэхдээ өөрчлөлтийг мөн л 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжихээр заасан юм.

Энэ нь ААН, байгууллагын нягтлангуудыг төөрөгдөлд оруулаад байгаа тул дээрх өөрчлөлтүүдийн талаар болон ААН байгууллагууд тайлангаа хэрхэн гаргах ёстой талаар ТЕГ-ын Татвар төлөгчтэй харилцах газрын татварын улсын байцаагч  И.Мөнхцэцэгтэй ярилцлаа.

- Одоо аль өөрчлөлт хүчин төгөлдөр хэрэгжиж байгааг тодотгож өгөхгүй юу?

- 2017 оны дөрөвдүгээр сарын 14-нд орсон өөрчлөлтөөр Хувь хүний орлогын албан татварын хуульд  цалин, хөдөлмөрийн хөлсний орлогоос суутгах албан татварын хувь болон хөнгөлөлтийн хэмжээнд өөрчлөлт оруулсан.  Энэ нэмэлт өөрчлөлт нь 2018 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн хуулиар дахин өөрчлөгдсөн. Одоо бол 2018 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр оруулсан нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа.

Орлогын  НДШ суутгасны дараах дүнд 10 хувиар хувь хүний орлогын албан татвар ногдуулна.

- Тэгвэл 2018 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр оруулсан өөрчлөлтөөр татвар, хөнгөлөлтөө хэрхэн тооцох ёстой вэ?

- Татвар төлөгч хувь хүн, суутгагчийн үүрэг бүхий аж ахуйн нэгж байгууллагууд 2018 оны нэгдүгээр сараас эхлэн олгосон цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос  ямар хэмжээгээр албан татварын суутгал хийж хөнгөлөлт үзүүлэхийг тайлбарлая.

Ажилтны сарын цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын  НДШ суутгасны дараах дүнд 10 хувиар хувь хүний орлогын албан татвар ногдуулна.

Ногдуулсан албан татварын хэмжээнээс дараах шатлалаар хөнгөлөлт эдлүүлнэ. Хүснэгтээр үзүүлбэл,

Д/д

Албан татвар ногдуулах жилийн орлогын хэмжээ /төгрөгөөр/

НДШ төлсний дараах сарын цалингийн орлого /төгрөгөөр/

2018.01.01-нээс мөрдөх ХХОАТ-ын хөнгөлөлтийн хэмжээ /төгрөгөөр/

Жилийн

Сарын

1

0-6 000,000 хүртэл

0-500,000

160,000

13,333.33

2

6,000,000-12,000,000 хүртэл

500,001-1,000,000 хүртэл

140,000

11,666.67

3

12,000,000-18,000,000 хүртэл

1,000,001-1,500,000 хүртэл

120,000

10,000.00

4

18,000,000-24,000,000 хүртэл

1,500,001-2,000,000 хүртэл

100,000

8,333.33

5

24,000,000-30,000,000 хүртэл

2,000,001-2,500,000 хүртэл

80,000

6,666.67

6

30,000,000-36,000,000 хүртэл

2,500,001-3,000,000 хүртэл

60,000

5,000.00

7

36 000 000 ба түүнээс дээш

3,500,001-с дээш

-

-

 
Хөнгөлөлтийн мөнгөн дүн сар сараар төлөхөд тэгш хуваагдахгүй дүнтэй байгааг анзаарсан байх. Хууль батлагдахдаа жилийн бүхэл дүнгээр батлагдсан байгаа. Тэгэхээр сар сардаа ойролцоо дүнгээр хөнгөлөх бөгөөд жилийн эцсийн дүн хуульд заасан  дүнгээр байх ёстойг анхаараарай.

- 2018 оны нэг, хоёр, гуравдугаар сарын цалин хэдийн олгогдчихсон, улирлын тайлан гарах гэж байна. Одоо хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуулиар бус өмнөх өөрчлөлтөөр тооцон цалингаа олгосон бол яах вэ?

- Суутгагч аж ахуйн нэгж, байгууллагууд 2018 онд олгосон цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос суутган авсан албан татвараа одоо хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа буюу 2018 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн өөрчлөлтөд нийцүүлэн залруулах шаардлагатай юм.

- Мэдээлэл дутмаг байгаагаас үүдэлтэйгээр улирлын тайлангаа буруу гаргасан тохиолдолд ямар нэгэн хариуцлага тооцох уу?

-Хуулийн зүйл заалтыг ойлгоогүйн улмаас суутгавал зохих татварыг буруу суутгасан, буруу тайлагнасан бол тухайн байгууллага цахим тайлангийн системээр хүсэлтээ илгээгээд залруулах боломжтой. Үүнд ямар нэгэн хариуцлага тооцохгүй.