Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад улс Тайваньд зэвсэг худалдахаа зогсоохыг АНУ-аас шаардав

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Саяхан Трампын засаг захиргаа АНУ-ын зэвсэг үйлдвэрлэгч компанид Тайваний зах зээлд технологио худалдах зөвшөөрөл олгосон юм.

Ингэснээр Тайвань улс өөрийн шумбагч хөлгийг үйлдвэрлэх боломжтой болж байна. АНУ-ын эрх баригчдын гаргасан шийдвэрийг Тайваний төв мэдээллийн агентлаг өнгөрсөн Бямба гарагт зарлажээ. АНУ-ын тал энэ тухай албан ёсоор мэдээлээгүй байна.

Харин өчигдөр Хятадын батлан хамгаалах яамны төлөөлөгч сэтгүүлчийн асуултад хариулахдаа “АНУ-аас Тайваньтай цэрэг армийн бүх хэлхээ холбоогоо таслах, Тайваньд бүх төрлийн зэвсэг нийлүүлэхээ зогсоох”-ыг шаардаж байгаагаа мэдэгдсэн байна.

“Хятадын арми нь манай улс орныг салган бутаргах аливаа оролдлогыг няцаах хүчин чадалтай. Үндэсний тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангахын тулд бид шаардлагатай бүх арга хэмжээг авах болно” гэж яамны төлөөлөгч У Чянь хэлжээ.

Тайваний арал нь Хятадын хамгийн эмзэг сэдэв юм. Уг арлыг Хятад улс өөрийн газар нутгийн салшгүй хэсэг гэж үздэг ба хүчээр хяналтандаа оруулах арга замыг хэзээ ч үгүйсгэж байгаагүй.

2016 онд Тайванийг тусгаар тогтнуулах зорилготой улс төрийн намаас Цай Ин Вэн ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Тэр үеэс хойш Тайваньд дайсагнах Бээжингийн бодлого улам эрчимжжээ.

 

Эх сурвалж: Reuters